Бусдаас ялгар

Блог

Монголд жил бүр 8000 оюутан бизнесийн удирдлагын мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсдөг гэвэл та итгэх үү. Итгэхээс ч өөр аргагүй. Энэ бол бодит судалгаанд үндэслэсэн тоо. Тэдний мэдлэг, ур чадварт онцгойрох, биенээсээ ялгарах зүйл үгүй. Тиймээс мянга мянган төгсөгч ажлын байрны төлөө ширүүн өрсөлдөх нь ойлгомжтой. Талаас илүү нь гэртээ суух, эсвэл мэргэжлийн бус ажил хийхэд хүрдэг нь харамсалтай. Гудамжинд “лааз өшиглөх”-ийн, дэлгүүрийн худалдагч болохын төлөө та эцэг эхийнхээ мөнгийг үрсэн хэрэг үү? Төгсөөд амьдралд хэрэг болохгүй мэдлэгийн төлөө залуу насаа зарцуулсан гэж үү?

Дэндүү эмгэнэлтэй дүр зураг.

Тэгвэл одоо яах вэ? Мэдээж бусдаас ялгарах хэрэгтэй. Харин яаж вэ? Ажил олгогчийн хайгаад буй, тэгсэн мөртлөө бусад төгсөгчид байхгүй мэдлэг, чадварыг оюутан ахуйдаа эзэмшчих. Тэгвэл ажилд орох урт дарааллын тэргүүнд нүүр бардам зогсоно. Бусдаас ялгарах чадварыг танд хэн өгөх вэ гэж асуумаар байна уу?

Ийм “ялгаа”-г бий болгодог институт нь мэргэжлийн академиуд байдаг. Энэ бол олон улсын хэмжээнд батлагдсан туршлага. Тэд бакалаврын сургалтаар олгосон, амьдралд хэрэглэхэд бэлэн болоогүй мэдлэгийг шууд мөнгө “үйлдвэрлэдэг” мэдлэг, ур чадвар болгон хувиргана. Манай улсад ч ийм институт бий. Банк санхүүгийн академи энэ салбарынхны мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсээр ирлээ. Арилжааны найман банк хувь нийлүүлэн байгуулсан тус академи салбарынхандаа хэрэгтэй, шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгосоор 10 жилийг ард үджээ. Ажил олгогчдод ойр, тэдний юу хүсэж буйг мэдэрдэг, багш нар нь салбартаа амжилт гаргасан, гадаад, дотоодын туршлагатай экспертүүд байдаг нь тэдний чухал давуу тал юм.

Банк санхүүгийн академийнхан эдийн засгийн хүнд нөхцөлийн улмаас ажилгүйдэл нэмэгдэж буйг хараад суусангүй. Нийгмийн хариуцлагаа биелүүлэхээр “Шинэ үеийн банкир” төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Уг төслийн сургалтаар танд хэрэгтэй “ялгаа”-г өгнө.

Сургалтад хамрагдсанаар та сургуулиа төгсөөд санаа зоволтгүй ажлын байртай болно. Учир нь энэ төсөлд жилд ердөө 60-80 оюутныг хамруулах юм. Та төгсөөд 8000 хүнтэй биш, 80 төгсөгчтэй л өрсөлдөх болов уу. 80 төгсөгч бараг л өрсөлдөөнгүйгээр ажлын байраа олох биз. Банкууд “ялгарсан” ажилтнуудаар цангаж байгаа гэсэн шүү.