Д.Сувдаа: Төгсөгч ажил хайж, давтан сурч цаг алдахгүй

Блог

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн хөтөлбөрийн ахлагч Д.Сувдаатай "Шинэ үеийн банкир" төслийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

  • Банк санхүүгийн академийнхан МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтран ажиллахаар болсон байна. Хамтын ажиллагааны хүрээнд ямар ажил хийх вэ?
    Банк санхүүгийн академи үүсэн байгуулагдсан цагаасаа эхлээд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, одоогийн Бизнесийн сургуультай хамтран ажиллаж тодорхой үйл ажиллагаа хэрэгжүүлж байсан. Өмнөх хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээс гадна Банк санхүүгийн академийн “Шинэ үеийн банкир” төслийг дэмжиж хэрэгжүүлэх хүрээнд манайх сургалтын академик байгууллагынхаа хувьд хамтран ажиллахаар тохиролцоод байна. Одоогоор хамтран ажиллах хүрээгээ тодорхойлохоор ажиллаж байгаа.
  • Хэрхэн хамтарч ажиллах боломжууд харагдаж байна вэ?
    Мэргэжлийн хүрээнд хамтарч ажиллана. Манайх болон Банк санхүүгийн академийн багш нар, практик мэргэжилтнүүдийн хороонд хэрхэн хамтарч ажиллах боломж байна гэдгийг тодорхойлно. Мөн оюутныг “Шинэ үеийн банкир” төсөлд хэрхэн хамруулах вэ, яаж бэлтгэх вэ гэдэг чиглэлээр хамтарч ажиллана. Тухайн мэргэжилтнийг бэлтгэхэд ажил олгогчоос тавьдаг шаардлагыг манайх хөтөлбөртөө хэрхэн тусгаж зах зээлийн эрэлт хэрэгцээг хангасан хүн төгсгөх вэ гэдэг чиглэлээр бас хамтран ажиллана. Хамтын ажиллагаа маань ийм гурван үндсэн чиглэлтэй байх юм.
  • Их, дээд сургууль төгсөгчид маань практик мэдлэг дутмагаасаа шалтгаалаад банкуудын ажлын байрны шаардлагыг хангахгүй байх тал ажиглагдаж байгаа. “Шинэ үеийн банкир” төсөл энэ дутагдлыг нөхнө гэсэн зорилготой гэсэн.
    Сургалтаар оюутанд практик мэдлэг олгох, хувь хүний ур чадваруудыг хөгжүүлэхээс гадна дадлагын бааз болж ажиллая гэсэн санаачилгыг Банк санхүүгийн академийнхан тавьсан. Өөрөөр хэлбэл, өөрсдийнх нь сургалтын төсөл, хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудыг дадлагажуулах талаас нь тэднийг анхаарч ажиллана гэсэн үг. Ингэснээр зөвхөн онолын мэдлэгээс гадна ажилд нь нэн чухал чадвар, дадал, арга техникийг эзэмших сайн нөлөөтэй.
  • Банк санхүүгийн академитай хамтарч ажилласнаар ямар үр дүн, дэвшил гарна гэж төсөөлж байна вэ?
    Манай сургуулийг банк, санхүүгийн чиглэлээр төгссөн хүмүүсийн ажил эрхлэлт өндөр байдаг. Гэхдээ онолын мэдлэг сайтай ч давтан сургах шаардлага практикт гардаг юм байна лээ. Хамтын ажиллагааны хүрээнд Банк санхүүгийн академи нь ажил олгогчоос тавьдаг шаардлага, манайхаас олгож буй мэдлэгийг хооронд нь уялдуулах сургалт хийнэ. Ингэхээр онолоо ч, практикаа ч мэддэг төгсгөгч бэлтгэгдэнэ гэсэн үг. Оюутнууд “Шинэ үеийн банкир” төсөлд хамрагдвал онолын мэдлэгээ ч бататгана, банк санхүүгийн салбарт олон жил ажилласан мэргэжилтнүүдийн туршлагаас суралцах, практик дадлагыг мэргэжлийн түвшинд хийх боломжтойгоороо давуу талтай. Банкуудад ямар шаардлага хангасан ажилтан хэрэгтэй байгааг мэдэрдэг, олон жил ажиллаж арвин туршлага хуримтлуулсан мэргэжилтнүүд сургалт хийх учраас Шинэ үеийн банкир төсөл оюутнуудад илүү өгөөжтэй байх нь гарцаагүй. Нөгөөтэйгүүр ажил олгогчийн шаардлагыг хангах мэдлэг чадвартай болох учраас төгсөгч маань ажил хайж, давтан сурч цаг алдахгүй.
  • Танд баярлалаа!
    Баярлалаа!