Ш.Алтанцэцэг: Сул талаа тодорхойлоод түүнийгээ хөгжүүлэх нь амжилтын нэг алхам юм.

Блог

Өөрийгөө хөгжүүлэхгүйгээр амжилтад хүрсэн хүн нэгээхэн ч үгүй. Амжилтын оргил өөд өгсөхийн тулд өдөр бүр сурч боловсрох учиртай. Ярилцлагын буланд Банк санхүүгийн академийн гүйцэтгэх захирал Ш.Алтанцэцэг зочноор оролцон өөрийн туршлагаас бидэнтэй хуваалцаж байна.

  • Та мэргэжлийн ур чадвараа хэрхэн сайжруулж ирсэн бэ?
    Би суралцах дуртай. Хүнд заахын тулд байнга суралцаж ирсэн гэхэд болно. ХААН банкинд залуухан, туршлага багатай зээлийн эдийн засагч байхдаа салбарын захирлуудад хичээл заах хэрэг гарч билээ. Өөрөөсөө өндөр албан тушаалтай хүмүүст хичээл заах хэцүү. Тэдэнд заах хэмжээнд хүрэхийн тулд өөрийгөө сайн бэлтгэх хэрэгтэй. Хүнд “юм” өгөхийн тулд олон зүйл сурсан даа. Дараа нь удирдах албан тушаалд томилогдсон. Зүгээр л сайн гүйцэтгэгч байсан хүнийг удирдах албан тушаалд томилчихоор эхэндээ самгардана биз дээ. Энэ нь одоогоос 13 жилийн өмнөх дурсамж юм. Тухайн үедээ Багийн менежмент, Удирдах ажилтан бэлтгэх цуврал сургалтаар дамжуулан нилээд цэгцтэй ойлголтуудыг авч байлаа.
  • Хувь хүний ур чадварын талаар?
    2009 онд “Зоос” банкинд ажиллаж байх үед ОУ-ын нэг төсөл хэрэгжсэн юм. Манай захирлуудын удирдлагын арга барилыг тогтоохоор олон улсын тест бөглүүллээ. Энэ нь бидний хувьд шинэлэг зүйл байв. Би тухайн үед маркетинг, харилцагчийн үйлчилгээний чиглэлээр түлхүү ажилладаг байсан. Ажилтай маань уялдаад хүний сонирхлыг төрүүлэх, сүлжээ үүсэх гэх мэт харилцааны чадварууд өндөр, харин дүн шинжилгээ хийх, аливаа зүйлийг зөв логиктой, системтэйгээр харах чадвар дунд зэрэг гэж үнэлэгдэж байв. Үүнээс хойш сул талаа илүүтэй анхаардаг болж билээ.
  • Сул ур чадвараа хөгжүүлэхийн тулд ямар алхам хийсэн бэ?
    2010 онд Япон-Монголын төвийн Кавагүчи багшийн сургалтад суусан. Банкнаас гараад, уул уурхайн компаниудад хүний нөөцийн аутсорсингийн үйлчилгээ үзүүлээд эхэлчихсэн үе. Дүн шинжилгээ хийх, шүүмжлэлтэй, логиктой бодож, асуудлыг шийдвэрлэх аргачлал, техникийг тэндээс сурсан. Хүний нөөцийн үйлчилгээ үзүүлэхээр заавал хүмүүст зөвлөгөө өгөх, сургалт хийх шаардлага тулгардаг. Үүнээс гадна компанийнхаа алсын хараа, зорилгыг тодорхойлох хэрэгтэй болсон. Энэ бүгдэд Кавагүчи багшийн сургалт хэрэг болсон. Компани удирдахаар CEO-гийн түвшинд сэтгэх хэрэгтэй. Би тестээр хүний чадварыг тодорхойлдог байсан. Хүнээ таньж байж л ажилд санал болгоно шүү дээ. 2013 онд “Ведио эдвайзер” компаны хувь хүний чадварыг тодорхойлдог тестээр өөрийгөө үнэлж байлаа. Миний чадвар нэлээд сайжирсан байсан шүү. Гэсэн ч суралцах шаардлага байсаар л байна. БСА-д “Амелиа” хувь хүний ур чадварын түвшинг үнэлэх тестийг нийтэд санал болгодог. Сүүлийн жилүүдэд байгууллагууд ажиллагсадаа, хувь хүмүүс өөрийн ур чадварын түвшингээ тодорхойлуулах хэрэгцээ ихэссэн. Бид уг тестийг хэрхэн ашиглах, хэрэглэх талаар сонирхсон бүхэнд үнэ төлбөргүй зөвлөгөө үзүүлж байна.
  • Тест тодорхой үнэлгээтэй байдаг шүү дээ. Таны чадвар хэдэн хувь нэмэгдсэн бэ?
    Дээд тал 10 онооны үнэлгээтэй байсан. Дийлэнх чадварууд маань 8-9 онооны үнэлгээтэй гарсан. Хамгийн муу нь гурав гэсэн үнэлгээтэй байсан. Ерөнхийдөө гурван жилийн хугацаанд миний чадвар 50 орчим хувиар өссөн. Хүн сул чадваруудаа тодорхойлоод, түүнийгээ хөгжүүлж байх хэрэгтэй.
  • Өөрийгөө хөгжүүлэх өөр төрлийн сургалтад хамрагдаж байв уу?
    Зөвлөх үйлчилгээ үзүүлэхийн тулд зөвлөхийн институтэд суралцсан. Тэнд мөн өөрийгөө үнэлж байлаа. Дараа нь багш нар намайг үнэлсэн. Өөрийгөө үнэлсэн үнэлгээнээс багш нарынх өндөр оноотой гарч байсан. Мөн л харилцаа, багийн ажиллагааны, хүнийг ятгах чадвар өндөр гарсан юм. Харилцааны чадвар миний давуу тал гэж боддог.
  • Хүн ажлын байрны соёл, туршлагатай хүмүүсээс суралцдаг. Зөвхөн сургалтаас гадна ажлын байрны орчноос их зүйл сурсан уу?
    Мэдээж ажил, амьдралын замнал хүнд үргэлж багш болдог. Хамт ажиллаж байсан туршлагатай хүмүүс, найз нөхдөөсөө маш их зүйл сурсан. Банкинд ажилд ороод удаагүй байтал захирал “Чи энэ актив, пассивынхаа учрыг олж байна уу” гэж асууж билээ. Банк болгон сар бүр шалгуур таван үзүүлэлт гэж гаргадаг юм. Үзүүлэлтээр нь тооцоод ядах юмгүй гаргачихдаг байлаа. Үнэн хэрэгтээ нарийн учрыг нь сайн мэдэхгүй. Захирал “Энэ яагаад ингэж гарсан юм бэ” гэж асуугаад л цаад учрыг нь ойлгохгүй байгааг минь мэдчихсэн. Ингээд уншиж судлаад үзүүлэлт хоорондын уялдааны учрыг олчихож байгаа юм. Энэ мэтээр ажлын шаардлагаар сурна шүү дээ. ХААН банкнаас гараад “Голомт”-д богино хугацаанд ажилласан. Г.Ганболд захирал маш мундаг хүн. Түүнээс их зүйл сурсан. Хийсэн ажлыг нь маань энэ нь сайн болж, үүн дээр нь ингэж анхаар гээд заагаад өгдөг байж билээ. Ажлынх нь арга барилыг өөрийн ажилдаа хэрэгжүүлэхийг хичээдэг. Хүнийг “юм” сургадаг тодорхой жишээ ярья. “Зоос” банкинд ажиллаж байхад захирлын маань хаалга байнга хаалттай байдаг байв. Хаалга нь хаалттай байгаа хүнтэй харилцахад хэцүү биз дээ. Ядаж л хаалгыг нь тогшиж орно. Тэгтэл гадаад захирал томилогдоод хаалга нь байнга нээлттэй болсон. Нэг удаа асуудал шийдүүлэхээр өрөөнд нь орлоо. Өмнөх жишгээрээ “Захирал аа, ийм бэрхшээл тулгарчихлаа. Одоо яах вэ” гэж асуулаа. Гадаад захирал маань “Чи яамаар байна. Чи яаж шийдсэн бэ” гэж асуув. Гялс нэг хувилбар бодож олоод хэлтэл хоёрдугаар, гуравдугаар хувилбар чинь юу гэж асуусан. Надад өөр хувилбар байгаагүй. Дараа нь асуудал шийдвэрлүүлэхээр заавал гурван хувилбартай ордог болсон. Гурван хувилбарыг өөрөө бодож олно. Түүнийгээ хооронд нь харьцуулна, үр дүнг нь тодорхойлно. Ингэхээр хүн маш их зүйл сурдаг юм билээ. Хувилбаруудыг маань сонсоод “Надад тэр нь дээр санагдаж байна” гэж хэлдэг байлаа. Асуудлаа шийдвэрлэх гарцаа өөрөө олж байгаа юм. Энэ бол их том сургалт.
  • Аливаа ажлыг сайн гүйцэтгэе гэвэл сайн баг хэрэгтэй. Та баг бүрдүүлэхэд ямар зарчим баримтлах вэ?
    Баг болж хамтарч ажиллах нь үнэхээр чухал. Би ганцаараа бүхнийг зөв, сайн хийдэг өв тэгш байж чадахгүй. Тиймээс сул талаа нөхөх, миний чаддаггүйг чаддаг хүнийг хайна. Өөрөөр хэлбэл, миний багт сул чадварыг нөхөх хүн л хэрэгтэй гэсэн үг. Банк санхүүгийн академийн захирал болсноосоо хойш буюу сүүлийн хоёр жил ийм л зарчмаар ажиллалаа. Хүнтэй харилцах ур чадвар өндөртэй хүн байлаа гэхэд багт дүн шинжилгээ хийх, стратеги боловсруулах гэх мэт өөр төрлийн чадвартай хүмүүс байж амжилтад хүрнэ.
  • Танд маш их баярлалаа, ажлын өндөр амжилт хүсье!
    Баярлалаа, танд ч бас.