Зээл гэж юу вэ?

Блог

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ирээдүйн орлогоосоо эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр эрх бүхий байгууллагаас баталсан эрх зүйн зохицуулалтын хүрээнд гэрээ байгуулан олгох санхүүжилтийг зээл гэнэ.

Амьдралд хүмүүс өөр хоорондоо арав, таван төгрөг зээлдүүлэх нь хэвийн үзэгдэл байдаг ч бизнесийн харилцаанд оролцож буй тохиолдолд эрх зүйн хэм хэмжээгээ баримтлахаас өөр гарцгүй. Иймээс эрх зүйн хэм хэмжээ хөгжсөн орчин цагт зээлийг дээрх тодорхойлолтоор ойлговол зохино. Та банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, ломбардын алинаас нь ч мөнгө зээлбэл эргүүлэн төлөх хугацаа, хүүгийн хэмжээ зэргийг тодорхой тусгасан гэрээ байгуулах шаардлагатай. Компаниуд хоорондоо мөнгө зээлсэн ч гэрээ байгуулж, түүнийгээ гэрчлүүлж эрх зүйн баталгаатай бичиг баримт болгодог.

Аливаа банк санхүүгийн байгууллага зээл олгохдоо хоёр гол шалгуурыг эш үндэс болгодог. Нэгдүгээрт, тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зээлээ эргүүлэн төлөх чадал чансаа байна уу гэдгийг нь сонжино. Хоёрдугаарт, заавал барьцаа хөрөнгө шаардана. Барьцаа хөрөнгө нь зээлийн эрсдэлийг бүрэн хаадаг. Хэрэв тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зээлээ төлөхгүй бол банк санхүүгийн байгууллага барьцаа хөрөнгийг нь борлуулж, зээлсэн хөрөнгөө нөхөх эрх зүйн үндэстэй.

Монголын арилжааны банкууд хэрэглээний, бизнесийн, төслийн гэсэн үндсэн гурван төрлийн зээл олгож байна. Эдгээр нь нөхцөлөөсөө хамаарч, дотроо олон төрлийн зээлийн бүтээгдэхүүн болж задардаг. Мөн нийгмийн бүлэгт зориулсан орон сууцны, малчны, оюутны, тэтгэврийн гэх мэт зээлийн бүтээгдэхүүн банкууд санал болгож байгаа.

Зээл бол санхүүгийн дутагдлаа шийдвэрлэх арга хэрэгсэл юм. Жишээ нь “А” компани “Б” гэх байгууллагад жилийн хугацаатай бараа материал нийлүүлэх гэрээ байгуулъя гэж бодъё. Гэтэл гэрээнд заасан хэмжээний бараа материал нийлүүлэх хөрөнгөгүй бол яах вэ? Банкны зээлийн эдийн засагчтай уулзаад “Ийм гэрээ байгуулчихлаа. Санхүүжилт хэрэгтэй байна” гэж хандах учиртай. Бараа материал худалдаж авах гэрээ нь зээлээ эргүүлэн төлөх чадамжийг нь харуулна, нөгөөтэйгүүр зээлийн барьцааг ч орлох боломжтой. “А” компани санхүүжилтээ авчихвал “Б” байгууллагад бараа материал нийлүүлээд, жилийн эцэст зээлээ эргүүлэн төлөөд, чамгүй ашигтай ажиллачихна.

Энэ жишээнээс харахад, зээл нь эдийн засгийн өсөлтийн хөшүүрэг болж байгаа биз. Банкууд зээл олгохоо зогсоовол бизнесийн идэвхжил саарч, эдийн засаг хямардаг. Тиймээс зээлийг эдийн засгийн “цус” гэж энгийнээр тодорхойлох нь бий. Цусны эргэлт сайн байвал эдийн засаг эрүүл байна. Муудвал эдийн засгийн өсөлт саарна, цаашлаад хямарна. Зээл олгогчдыг мөнгө хүүлэгчид гэсэн өнцгөөс хардаг хэсэг бий. Тэгэхээр зээл нь эдийн засгийн өсгөх чухал арга хэрэгслийн нэг гэж эерэг талаас нь харах хэрэгтэй. Өртэй хүн өөдөлдөг нийгэмд бид амьдарч байна.