МУИС Бизнесийн сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Блог

МУИС Бизнесийн Сургууль, Банк Санхүүгийн Академи нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн банкны салбарын шаардлагад нийцсэн хүний нөөцийг бэлтгэх замаар Монгол Улсын нийгэм эдийн засагт гарч буй их хэмжээний үргүй зардлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах, банкны зээлийн ажилтнуудын бүтээмжийг дээшлүүлснээр санхүүгийн салбарын эрсдэлийг сайжруулж, зээлийн хүүг бууруулах, салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах урьдач нөхцлүүдийг бүрдүүлэх шаардлагын дагуу банкны мэргэжлийн сургалтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, чанар чансааг дээшлүүлэх, боловсролын системийн шинэчлэлтийг түүчээлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгуулж байна.

Санамж бичигт МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Ц.Болормаа, Банк Санхүүгийн Академийн гүйцэтгэх захирал Ш.Алтанцэцэг нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд:

Мэргэжлийн хамтын ажиллагаа. Бизнесийн сургуулийн санхүү, банк, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлагын мэргэжлээр бакалавр, бэлтгэл магистр, магистр бэлтгэх сургалтын хөтөлбөрийн онол, практик хосолсон байдлыг сайжруулах зорилгоор Сургуулийн сургалтын хөтөлбөрт Академийн зүгээс саналаа өгөх, сургалтын хөтөрбөрийг шинэчлэх буюу шинээр боловсруулах, сургалтын материал боловсруулах, сургалтын зохион байгуулахад хамтран ажиллах, кейс боловсруулж сан бүрдүүлэх, багш нарыг чадавхжуулах зэрэгт хамтран ажиллана.

Мэргэжлийн дадлага. Мэргэжлийн дадлагын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор санхүү, бизнесийн чиглэлээр гуравдугаар түвшинд суралцаж буй оюутнууд болон бэлтгэл магистрын оюутнуудын мэргэжлийн дадлагыг олон улсын стандартад нийцсэн нөхцөл, болзолтойгоор Академиас зохион байгуулахад хамтарч ажиллана. Академийн уг хөтөлбөрт хамрагдсан оюутны хувьд Сургуулийн мэргэжлийн дадлагыг дүйцүүлэн тооцно.

Мэдээлэл, солилцоо. Талуудын явуулж буй үйл ажиллагааг олон нийтэд хүргэхэд тус тусын давуу талыг ашиглан хамтран ажиллаж, мэргэжлийн багш, судлаач, оюутнуудыг татан оролцуулах, харилцан мэдээлэл солилцох.

Сургалтын чанарыг нэмэгдүүлэх. Академи нь Сургуулийн сургалтын чанар чансааг дээшлүүлэхэд дараах байдлаар хамтарч ажиллана.

  • Академийн шугамаар ирсан гадаадын экспертүүдийн семинарт Сургуулийн багш, судлаач-багш нарыг үнэ төлбөргүй хамруулах
  • Санхүү, банкны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, гадаадын болон дотоодын эксперт багшийг Сургуульд ажиллуулахад зуучлах, хамтран төсөл хэрэгжүүлэх.
  • Академийн сургалтуудад Сургуулийн багш нарыг тухай бүр харилцан тохиролцсоны үндсэн дээр хөнгөлөлттэй үнээр хамруулах

Бусад асуудал. Банк, санхүүгийн салбарын цаг үеийн болон тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, судалгаа хийх, салбарын хөгжлийг түргэтгэхэд чухал гэж үзсэн бусад аливаа асуудлаар тухай бүр харилцан санал солилцож шийдвэрлэж байна.

Зүүн гар талаас: МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Ц.Болормаа, Банк санхүүгийн академийн Шинэ үеийн банкир төслийн удирдагч Г.Дэлгэрмаа, Банк санхүүгийн академийн захирал Ш.Алтанцэцэг, Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч Д.Сувдаа

МУИС Бизнесийн Сургуулийн тухай

Бизнесийн сургууль нь их сургуулийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд МУИС-ийн Удирдах Зөвлөлийн 2013 оны 12 сарын 16-ны өдрийн 05 тоот тушаалаар хуучин Эдийн засгийн сургууль, Худалдааны сургуулиудын үндэс суурин дээр байгуулагдсан. МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Удирдах зөвлөлийн 2013 оны 12 сарын 8-ны өдрийн хурлын шийдвэрээр МУИС-ийн Эдийн засгийн сургууль болох Худалдааны сургуулиудыг нэгтгэн, Бизнесийн сургуулийг байгуулсан юм.

МУИС-ийн удирдлагаас өгсөн үүргийн дагуу Бизнесийн сургуулийг өрнөдийн мэргэжлийн сургуулиудын жишгээр анх удаа тэнхимгүй бүтэцтэй сургууль байгуулах шийдлийг сонгосон. Тэнхимгүй бүтэц нь сургалтын хөтөлбөрүүд анхаарлын төвд тавих, оюутны болон багшийн сонголтын боломжуудыг өргөжүүлэх, нэгдмэл байдлаар асуудлаа шийдвэрлэх, салбар хоорондын судалгаа ба хамтын ажиллагааг сайжруулах, багшийн зүгээс өөртөө тавих шаардлага нь өндөрсгөх, захиргааны шат дамжлагыг цөөрүүлэх, удирдлагын зардлыг хэмнэх зэрэг олон зорилтуудаас урган гарсан бөгөөд ялангуяа бүтцийн өөрчлөлтийн үед багш нарын хоорондын харилцаанд эерэг уур амьсгал үүсгэх, багш нар бие биенээсээ харилцан суралцах боломжийг олгох зэрэг давуу талуудтай байна.

Утас: 77307730,
Вэб: http://bs.num.edu.mn