Банкны ажилтныг олон улсын түвшинд чадавхижуулах төсөл эхэллээ

Өнөөдөр Монголбанк, Банк Санхүүгийн Академи болон Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сангийн төлөөлөгчид төслийг хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Олон улсын хамтын ажиллагааны сан нь Монголбанк, Банк Санхүүгийн Академитай хамтран “Монгол улсад банкны мэргэжилтэн бэлтгэх онол практик хосолсон сургалт болон дэлхийн хуримтлалын өдрийг албан ёсоор нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор талууд 2017.01.13-ны өдөр Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Олон улсын хамтын ажиллагааны сан нь олон оронд төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. 2016 оны 10 сард тус байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, төсөл хэрэгжүүлэх шаардлага, хэрэгцээг судалж, дүгнэлт гаргасны дагуу Герман улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам санхүүжилтыг тус оны 11 сард баталгаажуулсан.

Төсөл нь банкны салбарт олон улсын стандартыг нэвтрүүлж, банкны үндсэн ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх замаар салбарын чадавхийг бэхжүүлэх цаашилбал төсөл хамтран хэрэгжүүлэх орны эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулах зорилготой ба орон нутгийг онцгойлон анхаарч үйл ажиллагаагаа орон нутгийн иргэд рүү түлхүү чиглүүлэхийг урт хугацаандаа зорьж ажиллана.

Иргэд өөрсдийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг сонгоход санхүүгийн суурь мэдлэг чухал ач холбогдолтой байдаг. Иймд иргэдтэй шууд харилцах банкны ажилтныг нэн тэргүүнд чадавхижуулан, зөвлөгөө өгөх ур чадварт суралцуулах замаар олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх нь зүйтэй хэмээн төслийн зүгээс тодорхойлсон тул хамтын ажиллагааг эхлүүллээ.

Төсөл амжилттай хэрэгжиж, Монгол Улсын банк санхүүгийн салбарт төдийгүй нийт эдийн засагт эерэг үр дүн авч ирнэ гэдэгт итгэлтэй байна. Хамтран ажиллах байгууллагууддаа амжилт хүсье.

ХБНГУ-ын "Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан"-ийн тухай

SIK 3z

Sparkassenstiftung für internationale Kooperation буюу Savings Banks Foundation for international Cooperation нь1992 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд, ХБНГУ-ын Savings Banks Finance Group хэмээх санхүүгийн нэгдэлд харъяалагддаг. Энэ нэгдэл компанийг нь дэлхий даяар Sparkasse хэмээх банкаар нь түлхүү мэддэг, учир нь тус банкны сүлжээ одоогоор 50 сая харилцагчтай, олон улсад хамгийн том банкны сүлжээний нэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.

"Банк Санхүүгийн Академи"-ийн тухай

transparency logo

Банк Санхүүгийн Академи нь 2012 онд арилжааны 8 банкны хөрөнгө оруулалттайгаар дэлхийн нийтийн жишгээр байгуулагдсан, санхүүгийн мэргэжлийн сургалтын байгууллага юм. Байгуулагдсан цагаасаа хойш салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр гадаад болон дотоодын чадварлаг мэргэжилтэн, туршлагатай экспертүүдтэй хамтран олон сургалт, хэлэлцүүлэг, networking event амжилттай зохион байгуулсан бөгөөд онцлох сэдвийн хүрээнд олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулдаг.

Танхимын болон онлайн сургалтаар дамжуулан банк санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх боломжоор хангахаас гадна олон улсын мэргэжлийн сургалтад зуучлах үйл ажиллагаа явуулж, давхардсан тоогоор нийт 7,000 гаруй хүнд үйлчилгээгээ хүргэжээ.

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.