"ОНСБ-ыг дээшлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх нь" панел хэлэлцүүлэг

Арга хэмжээ

Тэртээ 1924 оны зургаадугаар сарын 2-ны өдөр Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк буюу Монголбанкийг байгуулснаар орчин цагийн банкны тогтолцоо үүсэж бэхжихийн эхлэл болсон билээ. Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн энэ өдрийг “Банкны салбарын ажилтны өдөр” болгон тэмдэглэж байх шийдвэрийг гаргаснаас хойш эдүгээ 4 дэх жилтэй золгоод байна.

Санхүүгийн байгууллагууд олон төрлийн, цогц санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж буй энэ цаг үед санхүүгийн бүтээгдэхүүн хэрэглэдэг иргэд, үйлчлүүлэгчдийн санхүүгийн суурь боловсрол маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Мэдээлэлд сайн тулгуурлагдсан санхүүгийн шийдвэр гаргах чадвартай, боловсролтой хэрэглэгчид санхүүгийн ерөнхий тогтвортой байдалд тодорхой хувь нэмэр оруулж байдаг. 2016 онд батлагдсан "ОЛОН НИЙТИЙН САНХҮҮГИЙН СУУРЬ МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР" нь Монголбанк, Сангийн Яам, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Санхүүгийн Зохицуулах Хороо хамтран Дэлхийн банкны техник туслалцааны хүрээнд боловсруулагдан Үндэсний хэмжээнд амжилттай хэрэгжиж байгаа билээ.

Жил бүрийн 6 дугаар сарын 2-ны өдрөөр банк санхүүгийн салбарын мэргэжилтнүүдээс гадна судлаач, багш эрдэмтэд болон бусад оролцогч талууд хамтдаа иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэхэд дуу хоолойгоо нэгтгэн, тэдний санхүүгийн зах зээлд итгэх итгэлийг бататгах, улмаар санхүүгийн зах зээлд оролцогчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, санхүүгийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг багасгахад тодорхой хувь нэмрээ оруулахаар сайн туршлагаа хуваалцах, олон талт мэдлэгээ солилцох хэлэлцүүлгийн талбарыг 3 дахь жилдээ өргөн хүрээнд зохион байгууллаа.

Банк Санхүүгийн Академи нь санхүүгийн зах зээлд банкнуудын туршлага, хүч нөөцөд тулгуурлан санхүүгийн шинэ хэрэгслүүдийг хөгжүүлэхэд болон иргэдийг олон төрөлт санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй, үр дүнтэй ашиглахад нь зөвлөх мэргэжлийн чадварлаг ажилтан бэлтгэх, тэднийг мэргэжлийн мэдлэг чадвараа дээшлүүлэхэд нь сургалт, судалгааг түгээгээд зогсохгүй, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид болон идэвхтэй оролцсон бүх банкнууд мөн хамтран зохион байгуулсан Монголбанкны олон нийтийн боловсрол мэдээллийн төв, дэмжигч байгууллагаар ажилласан Хадгаламжийн Даатгалын Корпораци, Төрийн банкны хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж байна.

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.