"ОНСБ-ыг дээшлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх нь" арга хэмжээг зохион байгууллаа

Арга хэмжээ

“Банкны салбарын ажилтны өдөр”-т зориулан Банк Санхүүгийн Академи нь Монгол банкнаас баталсан “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн” хүрээнд “Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх нь” арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Энэ жилийн арга хэмжээнд Монгол улсын арилжааны таван банктай хамтран Өнөр бүл төвийн болон Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын 12-18 насны хүүхдүүдэд хувийн санхүүгээ удирдах, санхүүгийн суурь боловсрол олгоход зориулан сургалт хийж, банкны үйл ажиллагаатай танилцах аяныг 2019 оны 05 сарын 21-ны өдрөөс 06 сарын 5-ны хооронд хэрэгжүүллээ.

Үүнд ХасБанк “Орлого ба зардал”, ХААН банк “Хуримтлал ба Хадгаламж”, Ариг банк “Өр ба зээл”, Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк “Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, тэдгээрийн тухай ойлголт”, Худалдаа Хөгжлийн Банк “Даатгал ба эрсдэл” сэдвээр хүүхдүүдтэй нээлттэй ярилцаж сонирхолтой сургалт хийсэн нь тэдний санхүүгийн суурь мэдлэгийн нэмэгдүүлэхэд үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.

Тус үйл ажиллагааны хаалтын үеэр Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжин, Хадгаламжийн Даатгалын Корпорацийн Хуульч Б.Амарбилэг, Монголын Банкны Холбооны Мэдээлэл, хамтын ажиллагааны менежер Б.Анхбат, Банк Санхүүгийн Академийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанцэцэг нар Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх талаар хийгдсэн ажлууд болон цаашид хийх ажлын талаар илтгэл тавьж санал солилцлоо.

Хүүхэд Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Цогцолборын эрхлэгч Төгсжаргал “Өнөр бүл” хүүхдийн төв болон “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн цогцолбор”-т хэрэгжүүлсэн хүүхдийн санхүүгийн боловсролын төслийн үр ашиг, цаашдын хүлээлтийн талаар санал сэтгэгдлээ илэрхийллээ. Тус үйл ажиллагаатай зэрэгцэн хүүхдүүд Монголбанкны Эрдэнэсийн санг үзэж танилцлаа.

Төгсгөлд нь Банк санхүүгийн академийн олон улсын түнш, ANZ институтын Гүйцэтгэх захирал, сургагч багш Kenny Tay “Олон улсад бүх нийтийн санхүүгийн боловсролд хэрхэн анхаарч ажилладаг туршлагаас” сонирхолтой лекц хүргэснээр тус энэ оны ОНСБ-ын хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагаа өндөрлөлөө.

Хамтран ажилласан Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төв, Монголын Банкны Холбоо, Монголын Хадгаламжийн Даатгалын Корпораци, Хас банк, Хаан банк, Ариг банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Худалдаа хөгжлийн банкны хамт олонд талархал илэрхийлье.

Үйл ажиллагааны зургуудаас:

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.