ШҮБ суралцагчийн дүрэм

ШИНЭ ҮЕИЙН БАНКИР ТӨСӨЛ
БАНКНЫ ШИНЭ АЖИЛТАН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР
СУРАЛЦАГЧИЙН БАРИМТЛАХ ДҮРЭМ, ТАВИГДАХ ШААРДЛАГА

Шинэ үеийн банкир төсөл нь Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах мэргэжлийн чадвар, ёс зүйн өндөр төлөвшилтэй банкируудыг бэлтгэж буй онцгой хөтөлбөр юм. Тиймээс сургалтын төлбөрийг хэн төлж буйгаас үл хамааран суралцагчдад ижилхэн өндөр шаардлага тавьдаг. Тэдгээр шаардлага ба энэхүү дүрмийн зорилго нь:

  • Суралцагчийн зүгээс сургалтад хариуцлагатай хандах хөшүүргийг бий болгох
  • Сургалтын явцад анхаарал сарнихаас сэргийлж, төвлөрч суралцах орчныг бий болгох
  • Өөрийн болоод бусдын цагийг хүндэтгэх, үнэлэх соёлд суралцах
  • Цагийн ажлыг цагтаа хийх шаардлагыг ухамсарлуулах
  • Санаа бодлоо бичгээр илэрхийлэх чадварыг хөгжүүлэх
  • Сурч мэдэх ёстой зүйлээ сурсан эсэхэд бодитой үнэлэлт өгөх
  • Сурах ёстой зүйлээ сурсан нөхцөлд л гэрчилгээ олгох
  • Ёс зүйт үйлдлийг зуршил болгох, өөрөө ёс зүйтэй байгаад зогсохгүй бусдыг ёс зүйтэй байхыг шаардах сэтгэхүйг төлөвшүүлэх
  • Тангараг болон гэрээгээ зөрчвөл үүсэх үр дагаварт сэтгэл зүйн бэлтгэлтэй байж, хүлээн авч сурах
  • Ачаалал даах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэхэд оршино.

Дээрх зорилгын хүрээнд Шинэ үеийн банкир төслийн аливаа сургалтад дараахь зарчмыг баримтална.

НЭГ. ИРЦТЭЙ ХОЛБООТОЙ ЗАРЧИМ

  1. Суралцагч нь хичээл эхлэхээс 5 минутын өмнө сургалтын танхимд ирсэн байна.
  2. Сургалтаас хүндэтгэн үзэх шалтгаанаар (ойр дотнын хүн нас барсан буюу хүндээр өвдсөн, өөрөө өвдсөн, байгууллагын удирдлагын үүргийн дагуу ажлаа гүйцэтгэх шаардлагатай болсон) хоцрох, эсвэл сургалтад ирэх боломжгүй болсон бол сургалт эхлэхээс өмнө (тухайн нөхцөл байдал бий болсныг мэдсэн даруй) төслийн удирдагчид утсаар буюу мессежээр мэдээлж чөлөө авна.
  3. Сургалтаас хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авсан суралцагч нь уг шалтгааныг бодитой бий болсныг нотлох баримтыг ажлын 2 өдрийн дотор Төслийн удирдагчид имэйлээр буюу чатаар илгээнэ. Чөлөө авсан шалтгаан нь холбогдох баримтаар нотлогдож байгаа нөхцөлд л сургалтыг цааш үргэлжлүүлэхийг зөвшөөрнө. 
  4. Хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авч, уг шалтгаанаа холбогдох баримтаар нотолсон нөхцөлд, чөлөө авсан хичээлээ суралцагч нь дараагийн хичээл эхлэхээс өмнө өөрийн зардлаар нөхөн үзэх ёстой.
  5. Сургалтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан, сургалтаас 20 буюу түүнээс дээш минутаар хоцорсон, сургалтаас чөлөө авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаан нь холбогдох баримтаар нотлогдоогүй бол суралцагчийг сургалтаас шууд хасна. Энэ нөхцөлд сургалтын төлбөрийг буцаан олгохгүй.

ХОЁР. СУРГАЛТЫН ТАНХИМД БИЕЭ АВЧ ЯВАХ, СУРАЛЦАХ ЗАРЧИМ

  1. Сургалтын танхимд гар утас, таблет гэх мэт цахилгаан хэрэгсэлтэй нэвтрэхийг хориглоно. Эдгээр нь сургалтад 100% анхаарал төвлөрөхөд саад болохоос гадна суралцах чадварт маш хортой нь судалгаагаар батлагдсан байдаг.
  2. Сургалтын туршид багшид болон бусад суралцагчдад маш хүндэтгэлтэй хандах бөгөөд ангийн суралцах үйл ажиллагаанд болон багийн ажилд өөрийн хувь нэмрийг оруулахдаа бусдад саад болохгүй байхад анхаарч, мэдрэмжтэй хандана.
  3. Сургалтын туршид багшийн ярианд анхаарлаа хандуулахаас гадна чухал хэрэгтэй мэдээллийн талаарх тэмдэглэлийг тухай бүр өөрийн гараар хөтөлнө. Тухайлан зөвшөөрснөөс бусад хичээлийн хувьд гарын авлага тараахгүй. Иймд шалгалтад бэлтгэх үндсэн материал нь таны өөрийн тэмдэглэл, бие даан судалсан бусад эх үүсвэр байх болно.
  4. Сургалтын үнэлгээ ямар ч хэлбэрээр хийгдэх байсан суралцагч нь сургалтаас аль болох ихийг мэдэж авч, өөрийгөө дээд зэргээр хөгжүүлэхийг эрмэлзэнэ. Үүний тулд өдөр бүрийн сургалтын дараа сургалтын тэмдэглэлээ дахин судлах замаар тодорхойгүй, ойлгоогүй үлдсэн зүйлийг багшаас тухай бүр асууж тодруулна. Суралцагч нь энэ зарчмыг хэрэгжүүлээгүйгээс тухайн модульд тэнцээгүй бол багш, Шинэ үеийн банкир төсөл болоод Банк санхүүгийн академийн зүгээс ямарваа хариуцлага хүлээхгүй.
  5. Сургалтын дундуур аливаа хэлбэрээр бусдын болоод өөрийн сурах хүсэл эрмэлзэл, чадварт сөргөөр нөлөөлөх үйлдэл хийхийг хориглоно.
  6. Сургалтын явцад гэрийн даалгавар хийх, багаараа төгсөлтийн ажил бичих, бэлтгэх зэргээр сургалтын цагаас гадуур ачаалалтай байх тул сургалт болон ажлын ачааллаа зохицуулахыг суралцагч өөрөө хариуцана.
  7. Сургалтын зохион байгуулалт, агуулга, хөтөлбөр, баг хуваарилалт зэрэг сургалттай холбоотой аливаа асуудлаар сургагч багштай санал бодлоо шууд хуваалцах нь зүйтэй. Сургалтын явцад багшийн ямарваа зүйл таалагдаагүй, эсвэл сайжруулмаар санагдсан асуудал байсан бол багшид тусад нь ганцаарчлан хэлэх буюу нэрээ нууцлахыг хүсвэл, сургалтын дараах сэтгэл ханамжийн судалгаанд тодорхой бичиж үлдээнэ. Гэхдээ энэ нь тухайн үеийн сэтгэл хөдлөлд автсан бус, бодит байдалд нийцсэн, шударга үнэлгээ байхад онцгойлон анхаарна.

ГУРАВ. СУРАЛЦАГЧИЙН ЭЗЭМШСЭН МЭДЛЭГИЙГ ҮНЭЛЭХЭД БАРИМТЛАХ ЗАРЧИМ

  1. Тухайн багц сургалтын ямар хичээлд нь аман болон бичгийн шалгалт авах, ямар хичээлээр дүрд хувирах тоглолт хийх, ямар хичээлийг шууд “Тооцов” гэж дүгнэх нь анхнаасаа суралцагчид тодорхой байна.
  2. Үнэлгээ өгөх хичээлүүдийн хувьд, хичээлийн явцын идэвхи оролцоо, мэдлэгийн түвшинд гарсан ахиц, сургалтын дараах шалгалтын оноо зэргийг нэгтгэн дүгнэхэд 75% буюу түүнээс дээш байвал тухайн хичээлийг амжилттай судалсан гэж үзнэ.
  3. Мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад хангалтгүй буюу 75%-аас доош үнэлгээ авсан бол суралцагч нь тухайн шалгалтыг нэг удаа дахин өгөх эрхтэй. Уг шалгалт нь төлбөртэй байна.
  4. Мэдлэгийн түвшин тогтоох давтан шалгалтад суралцагч дахин тэнцээгүй бол тухайн хичээлийг 6 сарын дотор өөрийн зардлаар нөхөн судалсны дараа шалгалтыг дахин өгч болно. Ингэхдээ БСА-ийн сургалтад дахин хамрагдсан бол шалгалт нь төлбөргүй, харин бие дааж буюу өөр байгууллагын сургалтад хамрагдаад шалгалтыг дахин өгч байгаа бол төлбөртэй байна.
  5. Шударга байдлын зарчмын дагуу давтан шалгалтын оноог шууд 100% авахгүй бөгөөд өмнөх шалгалтын оноог 30%, давтан шалгалтын оноог 70%-аар жигнэнэ.
  6. Суралцагч нь тухайн түвшний багц сургалтын бүх хичээлдээ тэнцсэн нөхцөлд A дугаартай Батламж, зарим хичээлд тэнцсэн нөхцөлд хуримтлуулсан кредит оноонуудыг баталгаажуулсан B дугаартай Батламж олгоно.
  7. B дугаарын батламжаар хуримтлуулсан кредит оноо нь тухайн түвшинд авбал зохих нийт кредит онооны 70%-аас дээш байх нөхцөлд дараагийн түвшинд үргэлжлүүлэн сурахыг зөвшөөрч болно. Гэхдээ дараагийн түвшинд сурч байх явцдаа өмнөх түвшний тэнцээгүй хичээлээ заавал нөхөн үзэж, шалгалтандаа тэнцсэн байна. Энэ шаардлагыг хангах хүртэл дараагийн түвшний сургалтын Батламжийг олгохгүй.
  8. А батламжтай төгссөн нөхцөлд “Таван од”-ны болзлыг хангасан эсэхийг дүгнэнэ:
    1. Шар од: Мэдлэгийн түвшинд суурилан олгоно. Бүх хичээлийн үнэлгээний дунджийг үндэслэн:
      80% - 84% Нэг шар од
      85% - 89% Хоёр шар од
      90% – 94% Гурван шар од
      95% - 100% Дөрвөн шар од
    2. Хөх од: Сургалтын явцад нэг ч удаа хичээлээс хоцроогүй, ёс зүйн зөрчил гаргаагүй бол тав дахь одыг олгоно.
  9. Батламж, Гэрчилгээг анхны удаа цахим хэлбэрээр үнэгүй илгээнэ. Харин суралцагч цаасаар авах, дахин авах хүсэлтэй нөхцөлд төлбөртэй.
  10. Тухайн ангиас хамгийн өндөр оноо авсан төгсөгчийг цахим хуудас, сошиал медиагаар алдаршуулж болох бөгөөд давтан шалгалт өгч байж тэнцсэн хүнийг ийнхүү алдаршуулахгүй.
  11. Багц сургалтыг “Таван од”-той төгссөн бол дараагийн түвшинд сургалтын төлбөрийн онцгой тэтгэлэг олгоно.

ДӨРӨВ. СУРАЛЦАГЧИЙН ЁС ЗҮЙТЭЙ ХОЛБООТОЙ ЗАРЧИМ

  1. Сургалтын туршид аливаа асуудалд зөвхөн эерэг, бүтээлч байр сууринаас хандахыг хичээнэ.
  2. Танхимын уур амьсгал эвдэх, бусад суралцагч болон багшийн анхаарал, идэвхи, урам зоригт сөргөөр нөлөөлөх аливаа үг хэл, үндэслэлгүй яриа шуугиан тараах, хэлэлцэх, гаргахыг цээрлэнэ.
  3. Багаар идэвхи зүтгэлтэй ажиллаж, төгсөлтийн ажилд өөрийн бодит, дорвитой хувь нэмэр оруулна.
  4. Сургалтын агуулга, арга барил, материалыг багшийн зөвшөөрөлгүйгээр аливаа хэлбэрээр дахин ашиглах, бусдад сургалт явуулах, тараахыг цээрлэнэ.
  5. Шалгалт, багийн ажил, гэрийн даалгавар, дүрд хувирах тоглолт, дадлагын тайлан зэрэгт аливаа хэлбэрээр хууран мэхлэх үйлдэл хийхийг хориглоно. Дараахь үйлдлийг хууран мэхлэх үйлдэл гэж үзнэ. Үүнд:
    1. Аман болон бичгийн шалгалтын үеэр бусдаас асууж зөвлөлдөх, тусламж хүсэх, бусдад шалгалтын материалаа үзүүлэх, хариуг хэлж өгөх, шалгалтын асуултыг хувилж авахыг оролдох, бусдад энэ талаар мэдээлэл өгөх гэх мэт
    2. Багийн аливаа ажилд огт оролцоогүй буюу багийн бусад гишүүдтэй харьцуулахад бага хувь нэмэр оруулсан атал ижил үнэлгээ авахыг оролдох, ийм оролдлогыг нуун дарагдуулах, мэдсэн атал мэдээлэхгүй өнгөрөх
    3. Ганцаарчилсан даалгаварт бусдаас хэт их туслалцаа авах буюу бусдаар хийлгэх, будсын гэрийн даалгавар, ганцаарчилсан ажлыг хийж өгөх
    4. Дадлагын ажлын үеэр удирдамжийн дагуу ажиллаагүй атал ажилласан мэт тайлан бүрдүүлэх, аливаа ёс бус үйлдлээ нуун дарагдуулах
  6. Шинэ үеийн банкир төслийн үйл ажиллагааны талаар бусдад буруу, дутуу, бодит бус мэдээлэл өгөхийг хориглоно.
  7. Шинэ үеийн банкир төслийг албан ёсны зөвшөөрөлгүйгээр төлөөлөхийг цээрлэнэ.
  8. “Шинэ үеийн банкирын ёс зүйн тангараг”-т өөрөө тусгайлан гарын үсэг зурсан эсэхээс үл хамааран түүнийг ягштал дагаж мөрдөнө. Үүний тулд "Шинэ үеийн банкирын ёс зүйн тангараг"-ийг БСА-ийн цахим хуудаснаас заавал судалж, ойлгосон байх нь суралцагчийн үүрэг болно.

ТАВ. ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛД АВАХ САХИЛГЫН АРГА ХЭМЖЭЭ

  1. Сургалтын явцад багийн ажил, гэрийн даалгаврын гүйцэтгэл болон аливаа шалгалтын үеэр ямарваа хэлбэрээр хууран мэхлэх оролдлого гаргасан, ийм байдлыг өөгшүүлсэн, дэмжсэн, таслан зогсоогоогүй бол Ёс зүйн хороогоор хэлэлцүүлсний үндсэн дээр сургалтаас хасах хүртэл арга хэмжээ авч, энэ талаар суралцагчийн хувийн хэрэгт нь тэмдэглэгээ хийнэ. Эдгээр нөхцөлд сургалтын төлбөрийг буцаан олгохгүй.
  2. Сургалтад анх хамрагдахдаа болон явцын дундуур өөрийн талаар санаатай буруу мэдээлэл өгсөн нь илэрсэн даруй “Шинэ үеийн банкирын ёс зүйн тангараг”-т заасан арга хэмжээг авна.
  3. Багц сургалтыг төгссөний дараа аливаа хэлбэрээр хууран мэхлэх үйлдэл өөрөө хийх, бусдад туслах, уриалах, өдөөн хатгах, “Шинэ үеийн банкирын ёс зүйн тангараг”-ыг зөрчих, мэргэжлийн ёс зүйгүй үйлдэл гаргах зэрэг асуудлаар мэдээлэл ирвэл Ёс зүйн хороогоор авч хэлэлцэнэ. Хороо нь тухайн төгсөгчийг ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзвэл “Шинэ үеийн банкирын ёс зүйн тангараг”-т заасан арга хэмжээг авна.

ЗУРГАА. ТӨЛБӨР

  1. Сургалтад бүртгүүлснээс хойш төлбөрийг 48 цагийн дотор төлөөгүй бол бүртгэл цуцлагдсанд тооцно.