ЖДБ-ийн зээлийн мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь 2010 оноос эхлэн сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээ, аутсорсинг, олон нийтийн санхүүгийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд олон улсын байгууллагуудтай хамтран сургалтын төсөл, хөтөлбөрүүдийг Монгол Улсад зохион байгуулж, олон улсын мэдлэг, туршлагыг банк, санхүүгийн салбартаа хүргэн ажиллаж байна.

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны (EBRD) хэрэгжүүлж буй RSBP төсөл болон Банк санхүүгийн академийн хамтын ажиллагааны хүрээнд жижиг, дунд бизнесийн зээлийн мэргэжилтнүүдэд зориулан дараах сургалтуудыг зохион байгуулах гэж байна.

СУРГАЛТ 1: ҮЙЛЧИЛГЭЭ, ҮЙЛДВЭРЛЭЛ, БАРИЛГЫН САЛБАРЫН САНХҮҮГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ

Энэхүү сургалтаар оролцогчдод үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга гэх мэт төрөл бүрийн салбарын жижиг, дунд бизнесийн төслүүдтэй хэрхэн ажиллах талаар ойлголт өгнө. Эдгээр бизнесийн чиглэлүүдийн тус тусын онцлог шинж чанар, санхүүгийн шинжилгээний явцад гардаг ялгаатай талууд, санхүүгийн тайлангийн онцлог, холбогдох эрсдэлийн талаар мэддэг байх нь батлагдсан төслүүдийн чанарт ихээхэн нөлөө үзүүлдэг.

Энэхүү сургалт нь 2023 оны 5 дугаар сарын 23, 24-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Сургалтын хөтөлбөр:

1-р хэсэг: Танилцуулга

  • Бизнесийн төслийг ойлгоход бизнесийн загварын шинжилгээний үүрэг
  • Бизнесийн бүтэц болон санхүүгийн үндсэн тайлангуудад бизнесийг тусган харуулах аргачлал хоорондын хамааралтай байдал
  • Зарим стандарт бус болон нийлмэл үйл ажиллагааг үнэлэх онцлог, хүндрэл

2-р хэсэг: Үйлчилгээний салбарын онцлог

  • Үйлчилгээний салбарын үйл ажиллагааны онцлог шинж чанар
  • Санхүүгийн тайлангийн бүтцийн онцлог
  • Үйлчилгээний бүтээгдэхүүний өртгийг тооцох
  • Хөрвөх чадвар болон ашигт ажиллагааны харьцааны онцлог
  • Үйлчилгээний янз бүрийн чиглэлийг багтаасан кейс судалгаа
  • Жишээнүүд болон асуудлыг шийдвэрлэх дасгал

3-р хэсэг: Үйлдвэрлэлийн салбарын онцлог

  • Үйлдвэрлэлийн салбарын ерөнхий онцлог шинж чанарууд, бизнесийн загварын онцлог
  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүдэлтэй эрсдэлийг үнэлэх
  • Үйлдвэрлэлийн санхүүгийн тайлангийн шинжилгээний онцлог
  • Бүтээгдэхүүний тооцоололд дүн шинжилгээ хийх, тайлан гаргахад тооцооллын өгөгдлийг ашиглах
  • Зардлын зарцуулалт,  үйлдвэрлэлийн салбарын тогтмол болон хувьсах зардлыг үнэлэх
  • Орлого зардлын тайланд борлуулалтын зардал болон маржиныг тооцох 
  • Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үнэлгээ

4-р хэсэг: Барилгын салбарын онцлог

  • Барилгын компаниудын үндсэн зарчим
  • Барилгын компаниудын туслан гүйцэтгэгч нарын ажлын онцло
  • Барилгын салбарын онцлог бүхий эрсдэл
  • Эх баримт бичигт дүн шинжилгээ хийх
  • Барилгын болон угсралтын төслүүдийн зураг төслийн тооцоог үнэлэх, стандарт болон зах зээлийн үнэтэй нийцсэн байдлыг үнэлэх
  • Барилгын үе шатын дүн шинжилгээ, цагийн хуваарийн ач холбогдол
  • Санхүүгийн тайланд бүрэн тусгагдаагүй зүйлсийг таньж мэдэх
  • Төлбөр тооцооны онцлог, авлага өглөгийн дүн шинжилгээ
  • Барилгын ашиглалт, засвар үйлчилгээ болон мөнгөн урсгалын онцлог болон дүн шинжилгээ
  • Тулган баталгаажуулах аргачлалууд.

СУРГАЛТ 2: ТӨСЛИЙН ҮНЭЛГЭЭ БОЛОН ЗЭЭЛИЙН ШИЙДВЭР ГАРГАЛТЫН ЗАРЧМУУД

Энэхүү сургалтаар оролцогчид зээлийн судалгааг тогтсон журмаар шалгах арга барилыг суралцаж, зээлийн төслүүдийг үнэлэхэд нэгдсэн стандартыг ашиглах талаар ойлголттой болохоос гадна хүлээн авсан мэдээллийг харьцуулах, нэгтгэх, бүрэн, үнэн зөв эсэхийг үнэлэх чадвараа хөгжүүлэх юм. Сургалтын хүрээнд оролцогчид өндөр чанартай андеррайтинг хийх, зээлийн оновчтой шийдвэр гаргах болон жишээн дээр зээлийн хэлцлийг удирдан зохион байгуулах чадвараа бататгаж, дадлага хийх боломжтой.

Тус сургалт нь 2023 оны 5 дугаар сарын 25, 26-ны өдөр 09:00-18:00 цагийн хооронд болно.

Сургалтын хөтөлбөр:

1-р хэсэг: Зээлийн шийдвэрийг баталгаажуулах шалгуур үзүүлэлтүүд

  • Андеррайтинг хийх үндсэн алхмууд
  • Зээлийн судалгааны зорилго
  • Бизнесийн загварын шинжилгээ,түүний бизнесийн сегментээс хамаарах байдал
  • Бизнесийн өмчлөлийн бүтцийг үнэлэх
  • Санхүүгийн шинжилгээний зарчмууд
  • Танилцуулсан мэдээллийн бүрэн бүтэн, үнэн зөв байдлыг үнэлэх
  • Санхүүгийн мэдээллийг засах, цэвэрлэх шаардлага
  • Тулган баталгаажуулалт хийх зарчмууд
  • Хяналтын хуудас зээлийн шийдвэрийг хянахад ажлын чанар, үр ашгийг дээшлүүлэх хэрэгсэл болох нь

2-р хэсэг: Зээлийн шийдвэр гаргалтын зарчмууд

  • Зээлийн төслүүдийг үнэлэхэд ямар мэдлэг, ур чадвар хэрэгтэй вэ
  • Шийдвэр гаргах алгоритм
  • Зээлийн шийдвэр гаргах үйл явцад ашиглах цогц арга барил
  • Эргэлтийн хөрөнгө, хөрөнгө оруулалтын зээлийн дүн, боломжийг тодорхойлох хүчин зүйлүүдийг багтаасан зээлийн хамгийн оновчтой нөхцөлүүд
  • Бизнесийн сегментээс хамааран (бичил/жижиг/дунд) эргэн төлөлтийн оновчтой хуваарийг тогтоох
  • Зээлийн хэлцлийн бүтэц

3-р хэсэг: Төслийн үнэлгээний болон зээлийн шийдвэр гаргалтын кейс ажил.

Дээрх сургалтуудыг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрийн албан ёсны сургагч багш, Олон улсын эксперт НАТАЛЯ СОЛОВЬЁВА удирдан явуулна.

Наталя Соловьёва нь ЕСБХБ-ны Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрийн албан ёсны сургагч багш бөгөөд банк, санхүүгийн байгууллагын ажилтнуудад зээлийн шинжилгээ хийх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх сургалт явуулж, зөвлөгөө өгдөг эксперт юм. Тэрээр 1998 оноос хойш ЖДБ-ийн зээлийн чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд Казахстанд ЖДБ-ийн зээл анх гарахад ажиллаж байсан хамгийн эхэн үеийн банкируудын төлөөлөл юм. Мөн тэрээр бизнесийн чиглэлийн мэргэжлийн сургагч багш төдийгүй ЖДБ-ийн санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах чиглэлд олон улсын болон бүс нутгийн төслүүдэд зөвлөхөөр ажилладаг.

Наталья Соловьёва нь бизнесийн төрөл бүрийн сегментийн зээлдэгчдэд санхүүгийн шинжилгээ хийх, харилцагчдыг татах, борлуулалтын үйл явцыг зохион байгуулах, зээлийн үйл явцыг удирдан явуулах, зээлийн ажилтнуудтай ажиллах зэрэг сэдвүүдээр олон сургалтын хөтөлбөр боловсруулжээ. Тэрээр Төв Азийн болон Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудын санхүүгийн байгууллагуудад сургалт явуулдаг, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “КазКредитКонсалт” компанийн менежер, хамтран үүсгэн байгуулагч юм.

Энэхүү сургалтанд ЖДБ-ийн зээлийн мэргэжилтнүүдээс гадна эрсдэлийн мэргэжилтнүүд, андеррайтерууд, зээлийн хорооны гишүүд болон зээл олголтыг хянах, батлах үйл явцад оролцдог зээлийн мэргэжилтнүүдэд хамрагдах боломжтой.

Сургалт нь Танхимаар, Англи хэлээс дагалдах Монгол орчуулгатай явагдах бөгөөд амжилттай суралцаж төгссөн оролцогчдод “RSPB сургалт”-ын цахим гэрчилгээг гардуулна.

Дашрамд дурдахад энэхүү сургалтын орлогоос цуглуулсан төлбөрийг зорилтод бүлэгт санхүүгийн боловсрол олгохтой холбоотой нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөрт зориулах болно.

Та бүхэн Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны (EBRD) хэрэгжүүлж буй RSBP төсөл болон Банк санхүүгийн академийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад ТАНХИМААР зохион байгуулж буй Наталья Соловьёва багшийн тус сургалтанд амжиж бүртгүүлээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7575-4848, 8822-7208 утсаар авна уу.

Санал болгох: