Монгол - Солонгосын хамтарсан форум боллоо

Семинар

Банк санхүүгийн салбарт шинэ тутам тулгарч буй асуудлаар хөгжингүй орнуудын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, бодит үр дүн, хуримтлуулсан туршлагаас хуваалцах зорилготой Монгол-Солонгосын хамтарсан форум “Чанаргүй зээлийн удирдлага”, “Цахим банк-Финтек” сэдвээр хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

2016 оны 2-р сард Сөүл хотноо зохион байгуулагдсан хоёр улсын санхүүгийн форумын үеэр Солонгосын Банкны Институт /KBI/ болон Банк Санхүүгийн Академи /БСА/ -ийн хооронд санамж бичиг байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн ба туршлага солилцох арга хэмжээг форум хэлбэрээр жил бүр, видео хэлэлцүүлэг хэлбэрээр улирал бүр зохион байгуулахаар тогтсон. Өнгөрсөн хугацаанд, видео хэлэлцүүлгийг Эрсдэлийн удирдлага, Хувийн банк гэсэн сэдвүүдээр амжилттай зохион байгуулж, хоёр талын банк санхүүгийн мэргэжилтнүүдийн хооронд туршлага солилцлоо.

2016 оны 8-р сард БНСУ-ын Банкны Институтийн Ерөнхийлөгч Ёнг Жэ Чо албаны хүмүүсийн хамт Монгол улсад айлчлах үеэр анхны форумыг Crisis management, Big data сэдвээр зохион байгуулсан ба энэ удаагийн форумыг банкнуудын захиалгаар Чанаргүй зээлийн удирдлага, Цахим банк-Финтек сэдвээр зохион байгуулж байна.

Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед банкнуудын чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа нь эдийн засагт сөрөг үр дагавартай тул Монголбанкнаас төрийн оролцоотой активын удирдлагын компани байгуулах талаар судалгаа хийгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл банкнуудад байгаа чанаргүй зээлийг худалдан авах зохицуулалт хийснээр банкнуудын зээлжих зэрэглэл нэмэгдэж, гадаад зах зээлээс хямд эх үүсвэр татах боломжтой болж, валютын урсгал нэмэгдэнэ. Активын удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр чанаргүй зээлийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, банк санхүүгийн байгууллагын эрсдэл даах болон зээлжих чадварыг нэмэгдүүлэх, улмаар хямралаас хурдан гарч эдийн засгийн өсөлтийг дэмжих бодит боломж бололцоо бүрдэж байсан байна.

БНСУ бол Активын удирдлагын компани байгуулан амжилттай ажиллаж байгаа улсуудын нэг юм. Форумын хүрээнд UAMCO буюу тус улсын активын удирдлагын компанийн Бүтцийн өөрчлөлт хариуцсан захирал До Ил Ким өөрийн орны туршлагаас хуваалцлаа.

БНСУ бол Азид төдийгүй Дэлхий дахинд цахим банкны хөгжлийн түүчээлэгчдийн нэг билээ. Банкны салбарын хөгжилд технологийн хувьсал өөрчлөлт нэг талаар асар их боломжийг нээж байгаа ч, нөгөө талаар сөрөг үр дагаврыг араасаа дагуулж, эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. Технологийн өөрчлөлтийг боломж болгон үр дүнтэй ашиглахын үлгэр дуурайлыг Солонгосчууд дэлхий дахинд тодхон харуулж байна. Тухайлбал, тус улсад саяхан нээлтээ хийсэн Какао Банк нэг сарын дотор 2.9 сая харилцагчтай болж дээд амжилт тогтоогоод байна.

Технологийн хөгжил дэвшил хүмүүсийн амьдрах хэв маягт өөрчлөлт оруулж, уламжлалт ойлголтыг эвдэхийн хэрээр зохицуулалт шаардсан шинэ сорилтууд тулгарсаар байгаа энэ цаг үед Финтек буюу технологийн дэвшлийг ашиглан санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй компаниудыг БНСУ-ын хувьд хэрхэн зохицуулалт хийдэг талаар Korea Investment Partners хөрөнгө оруулалтын компанийн финтек хариуцсан захирал Жонг Хьюн Ким туршлагаасаа хуваалцлаа.

Энэхүү форум нь Солонгосын болон Монголын банк санхүүгийн салбарын ажилтнуудын хооронд мэдлэг солилцох боломжийг нэмэгдүүлж, салбарын цаашдын хөгжилд хүч нэмж буй тул нийт банк санхүүгийн салбарын хамт олон талархан хүлээн авч байна.

photo1

photo2

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.