CERTIFIED RETAIL BANKER мэргэжлийн цуврал уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

Семинар

Банк Санхүүгийн Академи 2016 оноос ИБУИНВУ-ын Retail Banking Academy байгууллагатай хамтран ажиллаж, банк санхүүгийн салбарынхандаа хөнгөлөлттэй нөхцлөөр суралцах боломжийг олгосон. Тус академийн Certified Retail Banker сургалтад ХААН Банкны 35, ХХБ-ны 1 оролцогч хамрагдаж, амжилттай төгссөн оролцогчдыг өнөөдөр хүлээн авлаа. Уг арга хэмжээнд ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Арнолд, МБХ-ны Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл, МБХ-ны Дэд ерөнхийлөгч, ХасБанкны Эрсдэл хариуцсан захирал Торстен Клайн Бойнинг нар оролцож, оролцогчдод сертификатыг нь гардуулан өглөө.

Элчин сайд Катрин Арнолд төгсөгчдөд хандаж хэлсэн талархлын үгэндээ: “олон жилийн өмнө өөрийн карьерыг санхүүгийн мэргэжлээр эхлүүлж байсан тул энэ салбарт элэгтэй байдаг”-аа дурдсан юм. Мөн Жон Белл захирал энэхүү сургалтад олон жилийн өмнө хамрагдаж байснаа дурсаж, өнөөгийн Монголын банк санхүүгийн салбарт хамгийн чухал хэрэгцээтэй сургалтын нэг бол Certified Retail Banker сургалт болохыг онцоллоо. ХААН Банкны зүгээс оролцогчдыг дараа дараагийн шатанд амжилттай суралцахад нь дэмжиж ажиллахаа мөн илэрхийллээ.

IMG 1468Зүүн гар талаас: ХААН банкны Гүйцэтгэх захирал Жон Белл,
CRB сургалтын шилдэг оролцогч ХААН Банкны Харилцагчийн үйлчилгээний газрын Удирдлага хөгжүүлэлтийн албаны менежер Т.Батцэцэг,
ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Арнолд нар

Сургалтын шилдэг оролцогчоор ХААН Банкны Харилцагчийн үйлчилгээний газрын Удирдлага хөгжүүлэлтийн албаны менежер Т.Батцэцэг шалгарсан бөгөөд оролцогчдыг төлөөлөн ХААН Банкны Хөрөнгө зохицуулалт хариуцсан захирал Б.Эрдэнэдэлгэр, Комплаенсын газрын захирал Н.Мөнхбат, ХХБ-ны Иргэдийн банкны газрын менежер Н.Энхзуун нар сурсан мэдсэнээ хуваалцлаа.

Банк Санхүүгийн Академийн зүгээс илтгэгч нартаа болон нийт оролцогчиддоо талархлаа илэрхийлж, ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.