Шинэ үеийн банкир

Санал болгох

Ажлын байрны үүргүүдээ ойлгосон, хариуцлагаа даах чадамжтай, ёс зүйтэй, өндөр бүтээмжтэй, харилцааны ур чадвартай, мэргэшсэн зээлийн ажилтан бэлтгэх сургалт.

Элсэлтийн сонгон шалгаруулалтын бүртгэл: 2017.11.20-ны 16:00 цаг хүртэл
Сонгон шалгаруулалт: 12 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд
Хичээл: 2018.01.20-нд эхэлнэ.

АНХААРАХ:
Зөвхөн их, дээд сургуулиудад нягтлан бодох бүртгэл, санхүү банк, бизнесийн удирдлагын чиглэлээр 3 ба 4 дүгээр курсэд суралцаж буй оюутнууд буюу их, дээд сургуулиа төгсөөд 1 жил болоогүй байгаа залуусыг бүртгэхийг анхаарна уу!

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА ДУУССАН БАЙНА!
ТанилцуулгаМэдээлэлХөтөлбөрДэмжих багНийтлэг асуулт

"ШИНЭ ҮЕИЙН БАНКИР" ТӨСЛИЙН СУРГАЛТАД
ТАВТАЙ МОРИЛНО УУ

Банк санхүүгийн академиас санаачлан хэрэгжүүлж буй Шинэ үеийн банкир төслийн брэнд сургалтыг сонирхон хандаж буй танд талархалаа илэрхийлье.

Шинэ үеийн банкир төслийн зорилго нь банкуудын зээлийн хүүг бууруулж өрсөлдөх чадварыг сайжруулах, банкны салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах урьдач нөхцлийг бүрдүүлэх явдал. Үүний тулд ажлын байрны макро, микро үүргүүдээ сайтар ойлгосон, хариуцлагаа даах бүрэн чадамжтай, мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй, харилцааны ур чадвартай зээлийн ажилтнуудыг бэлтгэх шаардлагатай болсон. Энэ шаардлагын хүрээнд тус академи нь 2016 оны гуравдугаар сараас эхлэн олон талт судалгаануудыг явуулсны үндсэн дээр цогц агуулга бүхий брэнд сургалтыг боловсруулан танд санал болгож байна.

Тус төслөөс нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийн хүрээнд, оюутан залуусын үнэт цаг хугацаа, эцэг эхчүүдийн хүүхдүүдэдээ оруулсан оюуны хөрөнгө оруулалтыг үргүйдэхээс сэргийлэх зорилгоор оюутнуудыг энэхүү брэнд сургалтандаа хамруулахаар шийдвэрлэсэн. МУИС, СЭЗИС-ийн оюутнуудын дунд явуулсан элсэлтийн эхний сонгон шалгаруулалтад 130 гаруй оюутан бүртгүүлэн өрсөлдснөөс анхны ангид маань МУИС-ийн долоон оюутан тэнцсэн болно. Ирээдүйнхээ төлөө өнөөдрөөс хичээх ёстойг ухамсарласан дайчин залуус төслийн брэнд сургалтад олноороо хамрагдаж өөрийн ирээдүйгээ баталгаажуулахын зэрэгцээ улс орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Брэнд сургалт маань хоёр сарын хугацаанд 198 цаг үргэлжлэх бөгөөд зайлшгүй чухал ойлголт өгөх 7, мэдлэг олгох 3, ур чадвар эзэмшүүлэх 3, хандлага өөрчлөх 3, нийт 16 модулиас бүрдсэн. Сургалтыг олон улсын стандартад нийцүүлэн баталсан сэдэв, агуулгын хүрээнд шилдэг экспертүүд, туршлагатай багш нар хөтлөн явуулна.

Та хичээлд суухаас өмнө манай сайт дээр байршуулсан сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцана уу. Сургалттай холбоотой нэмэлт мэдээлэл, тодруулга хүсвэл feedback@bfa.mn хаяг руу захиа илгээхийг хүсье. Таны захианд 24 цагийн дотор хариу өгөх болно.

Танд амжилт хүсье.

Сургалтын алба
Банк санхүүгийн академи

"ШИНЭ ҮЕИЙН БАНКИР" ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Монгол Улсын эдийн засгийн байдал хүнд байгаа өнөө үед улс орны эдийн засгийн хөгжилд чухал бизнесийн үйл ажиллагааг зөв таньж мэддэг, тэдгээрт ямар санхүүжилт тохирохыг оновчтой тогтоож чаддаг, үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарласан, өндөр ёс суртахуун, ёс зүйн стандарт баримталдаг банкир хэзээ хэзээнээс илүүтэйгээр шаардагдаж байна.

Иймд бид удаан хугацааны туршид судалсны эцэст “Шинэ үеийн банкир” төслийг хэрэгжүүлэхээр шийдсэн юм. Энэхүү төслийн үр дүнд:

  • Оюутан залуус цаг алдахгүйгээр банкны суурь шаардлагыг хангасан мэргэжилтэн болж бэлтгэгдэх, улмаар нийгэм эдийн засагт гарч буй үргүй зардлыг бууруулах.
  • Чадварлаг, мэргэжлийн ёс зүйтэй ажилтнуудын тасралтгүй, зохистой нийлүүлэлт бий болсноор ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмж дээшлэх, үр ашиг нь нэмэгдэх, өрсөлдөх чадвараа сайжруулах боломжийг банкуудад олгох.
  • Банкны мэргэжлийн сургалтын тогтолцоог боловсронгуй болгосноор их дээд сургуулиуд, мэргэжлийн академи, банкны дотоод сургалтын нэгжүүдийн ажил үүргийн хуваарь илүү цэгцтэй тодорхой болох, давхардал хийдлийг арилгах, уялдаа холбоог сайжруулах.

"ШИНЭ ҮЕИЙН БАНКИР" ТӨСЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Суурь түвшин

  • Банкны үйл ажиллагааны мөн чанар
  • Банкны ажилтны үүрэг, хариуцлага
  • Банкны ажилтны ёс зүй
  • Банкны ажилтны эрх зүйн орчин (Банкны тухай хуулиуд, хөдөлмөрийн харилцаа)
  • Нууц бичиг баримттай харьцах, архивлах
  • Албан бичиг боловсруулах стандарт
  • Ярих урлаг
  • Илтгэх урлаг
  • АНУ-д банкираар ажилласан туршлага
  • Харилцагчийн үйлчилгээ
  • Огтлолцоо худалдаа
  • Багийн ажил: Харилцагчийн супер үйлчилгээтэй зээлийн ажилтан

Танхимын сургалт: 1,5 сар (68 цаг)

ЗА-1 түвшин

  • Зээлийн ажилтны үүрэг, хариуцлага
  • Зээлийн ажилтны ёс зүй
  • Зээлийн хууль, эрх зүйн ерөнхий орчин ба кейс
  • Өрсөлдөх бүтээгдэхүүн: Санхүүгийн лизингийн үйлчилгээ
  • ТОС хөтөлбөрийн тухай
  • Орон сууц, хашаа байшингийн үнэлгээний зарчим, аргачлал
  • Хөдлөх хөрөнгийн барьцааны үнэлгээний зарчим: Машин
  • Хүн амын статистикийн хэрэглээ
  • Хөдлөх хөрөнгийн үнэлгээний зарчим
  • Иргэдийн зээлийн процесс
  • Иргэдийн зээлийн судалгаа
  • Иргэдийн зээлийн эрсдлийн удирдлага (кейс)
  • Дадлагын тайлан:
    • Иргэдийн сайн банкир
    • Зээлийн судалгаа

Танхимын сургалт: 1 сар (52 цаг)

ЗА-2 түвшин

  • Байгууллагын зээлийн хууль, эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудлууд
  • Бизнесийн зээлийн өрсөлдөх бүтээгдэхүүн: Хөрөнгийн зах зээл
  • Эдийн засгийн салбарын онцлогын талаарх экспертүүдийн лекц:
    • газар тариалан
    • мал аж ахуй
    • хүнсний үйлдвэрлэл
    • эмийн үйлдвэрлэл,
    • аялал жуулчлал
  • Эдийн засгийн салбарын онцлогтай танилцах аялал:
    • газар тариалан,
    • мал аж ахуй,
    • хүнсний үйлдвэрлэл,
    • ноос ноолуурын үйлдвэрлэл,
    • эмийн үйлдвэрлэл,
    • аялал жуулчлал
  • Компанийн засаглал (онлайн сургалт)
  • Бизнесийн зориулалттай ҮХХ-ийн үнэлгээний зарчим, аргачлал
  • Бизнесийн зориулалттай хөдлөх хөрөнгийн үнэлгээ
  • Байгууллагын зээлийн процесс
  • Зорилтот зах зээл, эрсдлийг хүлээн зөвшөөрөх шалгуур
  • Бизнесийн эрсдэл: Активын хөрвөлтийн цикл
  • Санхүүгийн тайлангийн эрсдлийн шинжилгээ: Тохируулга
  • Зээл авах шалтгааны шинжилгээ, богино хугацаат
  • Мөнгөн хөрөнгийн урсгалын төсөөлөл, богино хугацаа
  • Зээлийн саналыг оновчтой боловсруулах
  • Багийн ажил: Байгууллагын сайн банкир

Танхимын сургалт: 128 цаг

ЗА-3 түвшин

  • Өртгийн нэгдсэн сүлжээний суурь ойлголт
  • Эдийн засгийн салбарын эрсдлийн шинжилгээний тухай ойлголт
  • Эдийн засгийн салбарын онцлогын талаарх экспертүүдийн лекц:
    • уул уурхай
    • барилга
  • Эдийн засгийн салбарын онцлогтой танилцах аялал:
    • уул уурхай,
    • барилга,
    • төрийн өмчийн компани
  • Компанийн засаглалыг үнэлэх зарчим, аргачлал
  • Биет бус хөрөнгийн үнэлгээний зарчим, аргачлал
  • Групп, холдинг компаниудын бүртгэлийн онцлог
  • Бизнесийн эрсдлийн шинжилгээ: Тогтолцоо ба аргачлал
  • Зээл авах шалтгааны шинжилгээ, урт хугацаат
  • Санхүүгийн шинжилгээ: Аргачлал ба үндсэн элементүүд
  • ХК-ийн санхүүгийн шинжилгээний онцлог
  • Мөнгөн хөрөнгийн урсгалын шинжилгээ
  • Мөнгөн хөрөнгийн урсгалын төсөөлөл, урт хугацаа
  • Зээлийн нөхцөл, болзлыг оновчтой тодорхойлох
  • Олгосон зээлд тавих хяналт
  • Байгууллагын урт хугацаат зээлийн судалгааг сайжруулах нь

Танхимын сургалт: 228 цаг

ЗА-4 түвшин

  • Макро орчны шинжилгээ, төсөөлөл
  • Хөгжлийн бодлого ба санхүүжилт
  • Бизнес төлөвлөгөө боловсруулах
  • Төслийн удирдлага
  • Төслийн санхүүжилт, үе шат
  • Төслийн үр дүнг хэмжих
  • Зээлийн шинэ бүтээгдэхүүн боловсруулах
  • Хэлэлцээр хийх арга техник
  • Танилцах аялал: ДЦС-4, хөгжлийн том төслүүд
  • Багийн тайлан: Шинэ бүтээгдэхүүн санал боловсруулах
  • Дадлага: 3 сар

МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ!
Та сургалтын талаар мэдээлэл авахаар холбоо барихаасаа өмнө НИЙТЛЭГ АСУУЛТ булангаас өөрийн сонирхсон асуултаа байгаа эсэхийг харна уу. Хэрэв таны асуулт байхгүй бол бидэнтэй шууд холбогдож болох бөгөөд танд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхдөө бид баяртай байх болно.

Г.ДЭЛГЭРМАА
Г.ДЭЛГЭРМААТөслийн менежер

Та сургалтын хөтөлбөр, агуулга болон Нийтлэг асуулт буланд нийтлэгдээгүй асуудлаар мэдээлэл авах бол надтай доорх имэйл буюу утсаар ажлын цагаар холбогдоорой.

Би танд тусалъя.

Т.УНДРАХ
Т.УНДРАХТөслийн зохицуулагч

Та сургалтын бүртгэл, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол надтай доорх и-мэйл хаяг болон утсаар ажлын цагаар холбогдоорой.

Би танд тусалъя.

САНАМЖ
Асуултууд дээр дарж хариултыг харна уу!

Төслийн сонгон шалгаруулалтын талаар нийтлэг асуултууд

Шинэ үеийн банкир төсөлд хэрхэн хамрагдах вэ?

Банк, санхүү, бизнесийн удирдлага, нягтлан бодохын мэргэжлээр МУИС, СЭЗИС, МҮДС, ОУУИС-ийн 3 ба 4 дүгээр курсэд суралцаж буй оюутнуудаас эхний ээлжинд зөвхөн 10 оюутныг сонгон шалгаруулж сургана. Жилдээ 15 – 30 оюутан төгсгөхөөр төлөвлөсөн. Иймд төслийн сургалтад хамрагдахын тулд та юуны өмнө манайд бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулах хэрэгтэй. Үүний дараа сонгон шалгаруулалт дараах байдлаар явагдана:

I шат: Бүртгэлийн мэдээлэл дээр тулгуурлан тухайн өргөдөл гаргагчийн сурч буй мэргэжил, анги зэрэг нь зорилтот бүлгийн урьдач нөхцлийг хангаж буй эсэхийг хянаж, тэдгээр мэдээллийн үнэн зөв байдлыг сурч буй сургуулиас нь албан ёсоор баталгаажуулна. Бүртгэлийн хураамж 15 000 төгрөг.

II шат: Бүртгэлийн буюу эхний сонгон шалгаруулалтаа давсан өргөдөл гаргагч математикийн шалгалт өгнө. Уг шалгалт нь 90 минут үргэлжлэх бөгөөд шалгалтын хураамж нь бүртгэлийн хураамжид багтсан тул нэмэлт төлбөргүй.

III шат: Математикийн шалгалтад тэнцсэн өргөдөл гаргагчийг аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэл, статистик, компьютерийн мэдлэгийг сорих гурвалсан шалгаруулалтад урина. Энэ шатанд аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэлийн нэг сэдвээр 5 минутын хичээл заах гэрийн даалгавар өгнө. Мөн статистикийн бодлогуудыг компьютерийн MS Excel програм ашиглан 30 минутын дотор бодох шалгалт. Хавсарсан шалгалтын хураамж нь 65 000 төгрөг. Тэнцсэн өргөдөл гаргагч эдийн засгийн онол, банкны үйл ажиллагаа, монгол хэл, банкны англи хэлний хавсарсан шалгалт өгнө.

Мөн энэ шатанд оноогдсон нэг сэдвээр 3 хуудсаас хэтрэхгүй эссэ гэрийн даалгаварт өгөх ба үүнийгээ 5 минутын дотор илтгэнэ. Англи хэл ба монгол хэлний хавсарсан шалгалт 30 минут үргэлжилнэ.

Сонгон шалгаруулалтын шалгалтуудыг хэрхэн авах вэ?

Манай төслийн сонгон шалгаруулалтын онцлогийг тайлбарлах боломж өгсөн чухал асуулт асуусанд баярлалаа. Бид оюутнуудын санах ойн багтаамжийг сорихыг зориогүй учраас та ямар ч томъёо цээжлэх хэрэггүй. Харин та өгөгдсөн хугацаанд мэдээлэл болон мэдлэгээ хэрэгтэй үед ашиглах, богино хугацаанд шийдвэр гаргах чадвараа л харуулах хэрэгтэй.

Таныг сонгон шалгаруулалтаа амжилттай давахад туслах зорилгоор шалгалт болохоос 2 хоногийн өмнө тухайн шалгалтаар ямар агуулгуудыг хамруулах талаар тодорхой мэдээллийг өгдөг. Ингээд шалгалт бүрийг авах процессыг товч тайлбарлая.

Математикийн шалгалт: Нийт 90 минутын хугацаанд та 4 онооны 15 тест, 10 онооны 4 бодлого бодно. Уг шалгалтад, өөрийн гараар бэлдсэн А5 хэмжээний нэг нүүр материал бэлтгэж авчрахыг танд зөвшөөрнө. Уг материалд та мартчих гээд байдаг томъёоноос эхлээд юу ч бичиж бэлтгэж болно. Гэхдээ тодорхой бодлогын бүрэн бодолт байхыг хориглоно.

Нягтлан бодох бүртгэлийн шалгалт: Оюутнууд маань өгөгдсөн сэдвийг 2 өдөр судлаад, бусдадаа нягтлан бодох бүртгэлийн сэдвээр хичээл заана. Ингэснээр өөрсдийн мэдлэгээ дээшлүүлэх, бусдаасаа суралцах боломжтой.

Статистик ба компьютерийн мэдлэгийн шалгалт: Цаасаар өгсөн мэдээллийг MS Excel програм ашиглан хүснэгт болгох, тодорхой үзүүлэлтүүдээр график зурж, хандлагыг судлах, дундаж болон өсөлтийг тооцох гэх мэт ур чадваруудыг шалгах 3 даалгавар байна. Үүнээс гадна эдгээр боловсруулсан мэдээллийг ашиглан товч дүгнэлт хийж, түүнийгээ MS Word дээр бичнэ. Эдгээрийг 30 минутын дотор амжуулах ёстой.

Эдийн засаг ба банкны тухай мэдлэгийн шалгалт: Өгөгдсөн сэдвээр 2 өдрийн турш судалгаа хийж 3 хуудаснаас хэтрэхгүй эссе бичнэ. Мөн тухайн сэдвээрээ 5 минутын хугацаанд илтгэл тавина. Энэ мөн л дээр дурьдсанчлан оюутнууд бусдаасаа суралцах боломжийг давхар олгож байгаа.

Монгол хэл ба англи хэлний шалгалт: Англи хэл дээр өгөгдсөн мэргэжлийн сэдэвтэй 2 параграфыг монгол хэл рүү хөрвүүлнэ. Энэ хөрвүүлсэн байдлаас нь англи хэлний чадварыг шалгахаас гадна монгол хэлний дүрэм, найруулга, өгүүлбэр зүйг үнэлнэ. Нийт 30 минутын шалгалт байна.

Дээр дурьдсан хичээл заах, илтгэл тавих даалгавруудын үед таны видео бичлэгийг хийнэ. Энэ нь дараахь хоёр талын зорилго, ач холбогдолтой юм. Үүнд:

Нэгдүгээр зорилго: Суралцагчийг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлох. Тухайн оюутан шалгаруулалтад тэнцэн сургалтад хамрагдахаар болсон тохиолдолд ур чадварын багш нар бичлэгүүдтэй нь танилцан хувь хүн бүрийн давуу ба сул талыг үнэлж, хөгжүүлэх чиглэлүүдийг тодорхойлно.

Хоёрдугаар зорилго: Амжилтаа дүгнэх. Монгол Улсын гавъяат багш Уртнасан профессор ур чадварын хичээлүүдийг заана. Энэ хичээлээр сэтгэхүйг задлах, амьсгалыг зөв авах, дуу хоолойг засах, үгээ тод чанга хэлэх, агуулгаар нь зөв илэрхийлж ярих, биеийн хэлийг зохистой байлгах зэрэг олон арга техникийг мэргэжлийн түвшинд сургана. Хичээлийн төгсгөлд сургалтын үр дүнг оюутны эхлэлтийн ба төгсөлтийн түвшинг харьцуулан дүгнэх юм.

Яагаад төлбөрөө төлсөн оролцогч бүрийг элсүүлэхгүй сонгон шалгаруулалт хийдэг юм бэ?

Энэ их чухал асуулт.

Сургалт нь өгөөжтэй байхын тулд суралцагчдын мэдлэгийн гараа нь тодорхой түвшинд ойролцоо байх нь чухал. Иймд бид манай төсөлд суралцах хүсэлтэй залуус нь бидний сургалтаа төлөвлөсөн эхлэлтийн түвшинд буюу түүнээс дээш байгаа байдлыг маш сайн хянаж шалгах ёстой. Яг л барилга барихын тулд сууриа маш чанартай, бат бэх баригдсан эсэхийг нягтлахын адил. Өөрөөр хэлбэл, таны өөртөө нэмж хийх оюуны хөрөнгө оруулалтын өгөөжтэй байдлыг баталгаажуулахад төслийн сонгон шалгаруулалтын гол зорилго оршиж байгаа юм. Хэрэв суурь нь сайн цутгагдаж дуусаагүй байхад ашиг олох зорилгодоо хөтлөгдөн байшингийн давхаруудаа бариад эхэлбэл энэ нь өөрөө ёс зүйгүй үйлдэл юм.

Даац муутай суурь дээр барьсан барилга хэврэг байхын адил сургалт өөрөө чанаргүй, өгөөжгүй болно.

Сонгон шалгаруулалт явуулах өөр нэг шалтгаан нь, эрэлтээс давсан нийлүүлэлт хийх нь төслийн зорилгын эсрэг үйлдэл болох учраас бид зөвхөн шаардлага хангаж амжилттай суралцаж чадах цөөн оюутныг сургах нь зүйд нийцэх юм. Манай төслийн сургалтын зах зээл маш том боловч төгсөөд банкинд ажиллах ажлын байр нь хязгаартай.

Дашрамд дурьдахад, хэдийгээр манай академи компанийн статустай ажилладаг ч сургалтаар ашиг олохыг эрхэмлэхээс илүүтэйгээр чанартай сургалт явуулах замаар банкны ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, салбарын эрсдлийг бууруулахыг үндсэн зорилтоо болгодог. Учир нь, манай академийг арилжааны банкууд хүний нөөцөө чанартай бэлтгэх гэж өөрсдөө байгуулсан бөгөөд энэ академийн хэрэгчлэгчид нь банкууд өөрсдөө.

Бүртгэлийг баталгаажуулах гэж яг юуг хэлээд байна вэ?

Бүртгэлийн хураамжийн төлбөрөө төлөхийг хэлж байгаа юм. 

Бүртгэлийн хураамж 15,000 төгрөг төлөөд математикийн шалгалтыг үнэгүй өгч байгаа. II шатны шалгалтын төлбөр 65,000₮. Энэ шатанд та нягтлан бодох бүртгэл, статистикийн бодлогыг компьютер дээр excel, word програм дээр гүйцэтгэж, дараа нь эдийн засаг ба банкны тухай сэдвээр эссе бичиж, илтгэл тавина. Англи хэл дээрх эхийг монгол хэл рүү орчуулах даалгавар өгөгдөх боловч энэ нь сонгон шалгаруулалтад маш бага хувиар нөлөөлнө.

Төслийн сургалтад хамрагдах зорилгоор бус, зөвхөн өөрийгөө сорих зорилгоор шалгалт өгч болох уу?

Бололгүй яахав. Төслийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн фокус группын ярилцлагуудын үеэр ийм санал их гарч байсан тул бид тусгай бүтээгдэхүүн болгон гаргахаар шийдсэн.

Энэ нь оюутан залууст өөрсдийн мэдлэгийн түвшингээ бодитой үнэлэхэд нь туслах зорилготой багц тест бөгөөд төслийн сургалтын сонгон шалгаруулалтаас өөр байх юм. Учир нь төслийн сонгон шалгаруулалт нь сургалтад хамрагдах анхан шатны шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлоход чиглэсэн бөгөөд эхний шалгалтад тэнцээгүй бол дараагийн шалгалтад орох эрхгүй. Харин энэ багц шалгалтаар таны мэдлэгийн түвшин зээлийн ажилтны суурь шаардлагыг хэрхэн хангаж буйг мэдэх боломжтой. Иймд үнэлгээ нь төслийн сонгон шалгаруулалтынхаас өндөр.

Хэрэв та өөрийгөө сориод тэнцчихвэл төслийн сургалтад хамрагдах бодолтой байгаа бол анхнаасаа сургалтын бүртгэлд хамрагдаарай. Учир нь өөрийгөө сорих багц шалгалт нь төслийн сонгон шалгаруулалт явагдаж дууссаны дараа байх тул та сонгон шалгаруулалтаас хоцрох эрсдэлтэйг анхаарна уу.

Төслийн ач холбогдлын талаар нийтлэг асуултууд

“Шинэ үеийн банкир” төслийн сургалтын төгсөгчийг ажилд авах нь банкинд ямар ашигтай вэ?

Хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй, харьцааны соёл, ур чадвартай, мэргэжлийн ёс зүйтэй ажилтнуудыг банкинд олноор нь авч ажиллуулах нь банкны сургалтын, эрсдэлийн болон үйл ажиллагааны зардлыг зүйл тус бүрээр бууруулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, нэр хүндийг өсгөх, улмаар ашигт ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтой. Энэ бүхний үр дүнд харилцагчдад хямд хүүтэй зээлийг олгох боломжтой болсноор өрсөлдөх чадвар сайжрах юм.

Энэ бүх ач холбогдлыг зөвхөн хүний нөөцийн ерөнхий бодлого талаас нь авч үзвэл:

  • Банкны зээлийн ажилтны суурь шаардлагыг хангуулах сургалтад өөрийнхөө зардлаар хамрагдаад амжилттай төгсчихсөн хүнийг ажилд авах нь банкны дотоод сургалтын болон бусад зардлыг хэмнэнэ.
  • Банкны зээлийн ажилтнуудын дунд шинэ үеийн ур чадвар, мэдлэгтэй залуус олноороо орж ирснээр одоо ажиллаж буй ажилтнуудын өөрийгөө хөгжүүлэх сэдлийг нэмэгдүүлнэ.
  • Банкуудын дотоод сургалтын алба, нэгжүүдийн ажил үүргийн хуваарь тодорхой болж, банкныхаа дотоод онцлогт тохирсон сургалтаар төрөлжин ажиллах боломжтой болно.

Төгсөгч нар банкны шаардлага хангана гэдгийг хэрхэн баталгаажуулж байгаа вэ?

Манай төгсөгч нар банкинд зээлийн ажилтнаар ажилд ороод сандарч тэвдэхгүйгээр шаардлагын түвшинд хийх чадвартай байна. Учир нь:

  • Сонгон шалгаруулалтын босго: Нэг ангид суралцагчдын мэдлэгийн түвшин ойролцоо байх учраас суралцагчдын мэдлэгийн гарааны байдалд тохирсон хурдаар, барианд хүргэх чанартай сургалтыг төлөвлөх, заах боломжтой. Ингэснээр төгсөгчид нь банкны суурь шаардлагыг хангасан Шинэ үеийн банкир болох магадлал өндөр.
  • Онол, практик хосолсон цогц сургалт: Зээлийн ажилтны зайлшгүй мэдвэл зохих онолын 14 төрлийн мэдлэгийг сургалтын хамгийн орчин үеийн технологоор эзэмшүүлнэ. Үүний дараа, эдийн засгийн 12 салбарын бодит бизнесийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, зээлийн анхан шатны ярилцлагаас эхлээд Зээлийн хороонд саналаа танилцуулах хүртэлх бүх үе шатанд бодитойгоор дадлагажиж, туршлага хуримтлуулна.
  • Зайлшгүй чухал ур чадвар: Зээлийн ажилтны хувьд нэн чухал маркетингийн үүргээ гүйцэтгэх болон саналаа амжилттай шийдвэрлүүлэх ур чадварыг эзэмшихэд шаардагдах техникүүдийг мэргэжлийн түвшинд зааж, ур чадварыг бодитой эзэмшүүлнэ.
  • Хоёр талт маркетинг: Сургалтын явцад үзсэн сэдвээрээ суралцагчид нь багаар ажиллан дүрд хувирах тоглолтууд хийх бөгөөд уг тоглолтуудыг манай төслийн стратегийн түнш банкуудын хүний нөөцийн болон зээлийн удирдлагууд шүүнэ. Энэ нь нэг талаас, манай түнш банкуудад уг төслийн сургалтын явц, суралцагчдын талаар бодит мэдээлэл өгөх, ирээдүйн ажилтнаа зөв сонгон шалгаруулж авахад нь туслах зорилготой. Нөгөө талаас, суралцагчид маань ирээдүйн ажил олгогч нарт өөрсдийгөө зөв нээн харуулах ховор боломжийг олгоно.
  • Тав тухтай, соёлтой орчин: Сургалтын өгөөжид суралцагчийн хариуцлага, багш нарын ур чадвараас гадна сургалтын байгууллагын соёл чухал нөлөө үзүүлдэг. Манай академийн ажилтнууд нь харилцагчаа хүндэтгэн цагийг нь үр бүтээлтэй байлгахад онцгойлон анхаардгаас гадна таны тав тухыг эрхэмлэдэг. Иймд таны сургалтын завсарлагаагаар үйлчилж буй хүнсний зүйлсийн эрүүл, аюулгүй, амтлаг байдлаас эхлээд сургалтын орчны тав тухтай байдал зэрэг бүх асуудал тэдний анхаарлын төвд байх болно.

Төслийн сургалтад хамрагдснаар оюутнуудад ямар давуу тал, боломжууд бий болох вэ?

  • Бакалаврын боловсролыг 3.5 жилд төгсгөнө: Та тус төслийн 1 ба 5-р дугаар сарын сургалтуудад 3-р курсын оюутан байхдаа хамрагдвал зуны амралтаараа мэргэжлийн дадлагаа банкинд хийх боломжтой. Бид үүнийг танд зориулан нэгдсэн журмаар тусгайлан зохион байгуулна. Ингэснээр та сургуулиа 3.5 жилд төгсөх боломжтой. Энэ нь таны цаг болон мөнгөнд хэмнэлттэй. Үеийнхнээсээ түрүүлж хөдөлмөрийн зах зээлд гарна гэсэн үг шүү дээ.
  • Ур чадвар, мэдлэгээрээ ялгарснаар ирээдүйгээ баталгаажуулна: Банкны салбарт зээлийн ажилтнаар ажиллахын төлөөх өрсөлдөөн урьд хожид байгаагүйгээр эрс нэмэгдсэн. Яг л ховор бараанд урт дараалал үүсдэг шиг... Тэгвэл та энэ урт дараалалд зогсогчдын дундаас хэрхэн, юугаараа ялгарах вэ? Яавал ажил олгогч таныг онцолж үзэх бол? Мэдээж, та тэдний хүсээд байгаа мэдлэг, ур чадварыг төгс эзэмшсэн байх ёстой. Бусдын тэр бүр өөртөө бий болгож чадаагүй байгаа мэдлэг, ур чадвар, туршлагыг эзэмших нь амжилтын нууц. Тэгвэл манай төслийн сургалт яг л энэ ялгаа, нууцын түлхүүрийг танд өгч чадна.
  • Хаанаас ч олж авч, сурч чадахгүй ур чадварыг цогцоор нь эзэмшинэ: Харилцааны ур чадварыг онолдож биш, харин хэрхэн эзэмших арга техникт нь сургана. Ингэснээр та банкинд ажиллахгүй байсан ч насан туршдаа хэргжүүлэн үр шимийг нь хүртэж болох ур чадварыг олж авна. Харилцаанд ордоггүй нэг ч ажил албан тушаал, нийгэм, гэр бүл гэж энэ хорвоо дээр үгүй.
  • Дадлагыг жинхэнэ утгаар нь хийнэ: Дээр дурьдсанчлан Шинэ үеийн банкир төслийн сургалтад хамрагдсан оюутнуудын мэргэжлийн дадлагыг зохион байгуулалттайгаар банкинд хийлгэнэ. Ингэснээр та дадлага хийхийн тулд танил тал хайх шаардлагагүй. Мөн дадлагын хугацаандаа мэргэжлийн туршлага, ур чадвараа бодитой дээшлүүлж чадна.
  • Өөрийгөө ажил олгогч нарт бодитойгоор таниулна: Их, дээд сургууль төгссөн маш олон залуус ажилд орох ярилцлагад ч уригдаж чадалгүй 1-3 жилийг ажилгүй өнгөрөөж байна. Тэдний хувьд, ажилд орох ярилцлагад уригдах нь мөрөөдөл. Учир нь энэ чухал алхамгүйгээр ажилд орох хэцүү. Тэгвэл энэхүү төслийн сургалтын хугацаанд өөрийнхөө мэдлэг, ур чадварыг ажил олгогч нарт бодитойгоор нь харуулах алтан боломжийг танд 3 удаа олгоно.

Сургалтын төлбөр, тэтгэлэгийн талаар нийтлэг асуултууд

Оюутны зүгээс сургалтын төлбөрөө бүрэн төлөхөд туслах тэтгэлэг, хөнгөлөлт байгаа юу?

Байлгүй яахав. Бид оюутнуудад дараах тэтгэлэгүүдийг санал болгож байгаа. Үүнд:

  • Үндэсний элч тэтгэлэг: Тус төслийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэх, зөв оюутанд зөв мэдээлэл хүргэх, сургалтад хамруулах зэрэгт онцгой үүрэг гүйцэтгэсэн оюутанд манай төслийн сургалтад хамрагдахад нь 300 000 төгрөгийн тэтгэлэг олгоно.
  • Хөгжлийн түүчээ тэтгэлэг: Шинэ үеийн банкир төсөл нээлтээ тэмдэглэж, эхний ангид шалгаран орсон оюутнуудад 400 000 төгрөгийн тэтгэлэг олгосон.
  • Амжилтын түлхүүр тэтгэлэг: Эхний улирлын хичээлүүдийн нийт дүнгээр онцгой амжилт үзүүлсэн шилдэг нэг оюутанд дараагийн улиралд нь 1 000 000 төгрөгийн тэтгэлэг олгоно. Үүний тулд үнэхээр онцгой байх хэрэгтэй. Зөвхөн бусадтайгаа харьцуулахад сайн байх нь хангалтгүй.
  • Банкны тэтгэлэг: Төслийн сургалтын нэгдүгээр улирлын төгсөлтийн тайлан хамгаалалтыг банкны удирдлагууд ирж үнэлнэ. Энэ нь оюутнуудын хувьд өөрсдийгөө ирээдүйн ажил олгогчид зөв таниулах алтан боломж бөгөөд шилдэг оюутнуудыг төгсөхөөр нь банкинд ажилд авах, хоёрдугаар улирлын сургалтын төлбөрийг төлөх гэх мэтээр банкуудаас дэмжих боломжууд бий.
  • Туслах ажилтны тэтгэлэг: Банк санхүүгийн академи (БСА) нь оюутнуудыг төгсөөд банкны орчинд ажиллах бүх талын бэлтгэлийг хангах зорилгоор чөлөөт цагаараа 7 хоногт 5 цагаас хэтрэхгүй хугацаагаар БСА-ийн туслах ажилтнаар ажиллах боломжийг олгож байгаа. Энэ нь бага хэмжээний орлогын эх үүсвэрийг оюутанд бий болгоно.

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.